Нүүрсний асуудлаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр үе шаттайгаар явж байгаа билээ. Шатахууны хомсдол, цахилгаан эрчим хүчний хязгаарлалт, Х.Нямбаатарын гэнэтийн шийдвэр гэх мэтчилэн олны нүд, чих ондоо асуудлууд дээрх төвлөрөхтэй зэрэгцэн Төрийн ордны нүүрсний хулгайн хоёр дахь шатны нээлттэй сонсгол эхлэв. Тус сонсголын эхний үе шат дөрвөн асуудлын хүрээнд энэ сарын 4-8-ны өдрүүдэд болсон бол хоёр дахь шатны сонсгол 18-22-нд болно. Энэ сонсголоор олон нийт “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт, нүүрс тээврийн “С” зөвшөөрөлтэй холбоотой асуудал, гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой баримт мэдээллийг сонсч маш их бухимдаж байна. Алдагдалтай ажиллаж байж албан тушаалтнууд өөрсдөдөө тэрбум гаруй төгрөгийг үр дүнгийн урамшуулал болгоод өгчихснийг ойлгох боломж ч алга. Цаашид юу гарч ирэхийг ч таамаглашгүй. Төрийн нэрээр татвар төлөгчдийн мөнгийг зувчуулдаг олон зүйл ирэх өдрүүдэд ил болох байх. Гэхдээ нэг зүйлийг засч байна гээд нөгөө алдааг гаргахгүй байхыг түр хороо тэр дундаа хууль тогтоох байгууллага анхаарах хэрэгтэй. Эхний өдөр “ҮСХ-ны дарга Б.Батдаваа, түүний хамаарал бүхий хуулийн этгээдийн нэр дээр 1 сая гаруй тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй хилээр нэвтэрсэн” гэх нотлох баримтыг сонсох үедээ хувь хүмүүсийн регистрийн дугаарыг бичсэн нь дэлгэцэнд харагдаж байв. Цаашлаад Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга, албан хаагчдын мэдээллийг шууд дамжуулалтын дүрс бичлэгт албан хаагчдын регистрийн дугаарын мэдээлэл мөн ил харагдсан. Эхний өдөр алдаа гаргасан гэхэд дараагийн өдөр ч давтагдаж байгаа нь болшгүй зүйл юм. Аливаа буруутгагдаж байгаа болон гэрчээр оролцож байгаа хүмүүст ч эрх гэж бий. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11-т “Хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ” гэдэг. Мөн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулинд нээлттэй сонсгол явуулах талаар заасан зүйл заалтаа нарийн харж ажиллахгүй бол нэг гараараа хууль сахиулж, нөгөө гараараа зөрчиж буруутчих вий. Бага сага гэлтгүй алдаа бол алдаа учраас том зорилгод нь саад болох вий дээ. Нотлох баримтын сонсголын үеэр шууд дамжуулах үед хувь хүнийг нууцад хамаарах мэдээллийг гаргахгүй эсвэл далдалж бүрсийлгэх ёстой билээ. Хууль зөрчсөн алдааг залруулахдаа бас зөрүүлж алдаа гаргаж болохгүйг санууллаа.