Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс” БЭРХ биш ЭЭЛТЭЙ” нийгмийг бий болгоё уриатай нөлөөллийн аяны хоёр дахийг эхлүүлж байгаа ажээ. Бидний амьдарч байгаа хотод явган хүний зам дээр гэрлийн шон гэнэт гозойж, зарлалын самбарууд завсаргүй эгнэж, урдаас ухсан нүх ярайж, тэс хөндлөн тээврийн хэрэгслээ тавьж орхисон нь ч байна.
Элдэв бэрхшээлгүй хүнд ч ийм харгис байхад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ямар байдгийг бид харсан хараагүй мэт өнгөрч байгааг анхааруулж залуучууд энэ аянд нэгдэж байгаа нь бахархалтай. Ер нь бид бүгдэд ээлтэй орчны төлөө дуу хоолойгоо нэгтгэж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийгэм, хүмүүс ямар ээлгүй, ялгавартай хандаж тэдэнд орчны ямар дэмжлэг үзүүлэх ёстой талаар өөрсдөөсөө асуух цаг болсон. Гялгар хавтангаар хийсэн зам шатан дээр жаахан цас ороход л хөлгүй хүн байтугай хөл чанга залуус хүртэл унаж бэртдэг.
Хальтирч унаснаас болоод хөдөлмөрийн чадваргүй болсон хүмүүс олон бий. Харааны бэрхшээлтэй хүмүүст ямар байдаг бол гэж та бодож байсан уу. Алхахад аюулгүй, амьдрахад эрсдэлгүй нийгмийн төлөө бүгд оролцоотой байж, дуу хоолойгоо хүргэж байя! Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан гэх хавтан нь хөгжлийн бэрхшээл рүү түлхдэг хавтан болж хувираад байгааг олон нийт хэлэх болсон нь оргүй зүйл биш байх.
Барилга, зам талбай, гудамж, орц гарц, шат гишгүүр бүх хүнд ээлтэй байх ёстой. Тэгж байж л нийгэм жинхэнэ утгаараа хүмүүнлэг, энэрэнгүй болно. Танд гүйгээд гарахад асуудалгүй зам тэрэг түрсэн ээжид, тэргэнцэртэй хүнд, хараагүй залууд ямар хүнд байдаг гэж бодно. Нүдээ аниад 5 м зайд энэ хотод та явж чадах уу. Хаа хаанаа сэтгэл зүрхтэй, хариуцлагатай байж “БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ” нийгмийг бий болгоцгооё. Нөлөөллийн энэ аян хүсэхгүйдээ биш мэдэхгүйдээ бэрхшээлийг бий болгодог олон хүнд ойлголт өгч, хөгжлийн бэрхшээлтэй тэр хүмүүст бэрх биш ээлтэй орчинг бий болгоход туслах биз ээ.