“Гэр бүл салж байна” гэдэг нь зөвхөн эхнэр, нөхрийн харилцааны асуудал биш. Түүний цаана хүүхдийн асрамж, хүүхдийн үзэл бодол, тэтгэлэг, гэр бүлийн хөрөнгө, эдийн засгийн хараат байдал, гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт, аюулгүй байдал зэрэг олон асуудал зэрэгцэн оршдог.

Иймээс гэр бүлийн хэргийг шийдвэрлэх шүүх нь зөвхөн хууль хэрэглэдэг байгууллага байхаас гадна хүүхдийн эрх, хүний аюулгүй байдал, гэр бүлийн харилцааны онцлогийг ойлгож, эмзэг нөхцөлд байгаа хүнийг дахин хохироохгүй ажилладаг орчин байх шаардлагатай.

Монгол Улс энэ чиглэлд шинэ тогтолцоонд шилжиж байна. 2024 оны 6 дугаар сарын 5-нд УИХ “Шүүх байгуулах тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх байгуулахаар хуульчилсан. 2026 оны 7 дугаар сарын 3-нд Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдаж, 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 2026–2027 онд анх удаа гэр бүл, хүүхдийн асуудлыг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийн тогтолцоо руу шилжиж байгаа юм.Мөн Улсын Их Хурлын 2026 оны 55 дугаар тогтоолоор хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн бэлтгэх, шүүгчдийг мэргэшүүлэх, хүүхдээс мэдүүлэг авах тусгай өрөө болон шаардлагатай орчин бүрдүүлэх, ажиллагааг цахимжуулах зэрэг бэлтгэл ажлыг тусгасан.Гэвч энд нэг асуулт зайлшгүй гарч ирж байна.

ХУУЛЬ БЭЛЭН БОЛСОН. ХАРИН ШҮҮХ БЭЛЭН ҮҮ?

Жендэрийн мэдрэмжтэй шүүх гэж юу вэ?

Жендэрийн мэдрэмжтэй шүүх гэдэг нь эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс давуу үзэх тухай биш. Харин хүнийг хүйсээр нь урьдчилан дүгнэхгүй, жендэрийн хэвшмэл ойлголтоор тайлбарлахгүй, бодит нөхцөл, нотлох баримт, хүний эрх, хүүхдийн дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг бодитой үнэлэх тухай юм.

“Эх хүн хүүхдээ өсгөх ёстой”, “Эр хүн учраас эдийн засгийн хувьд илүү боломжтой”, “Үнэхээр хүчирхийлэл байсан бол яагаад салаагүй юм бэ?”, “Өөрөө буцаад очсон юм чинь хүчирхийлэл ноцтой биш”, “Эрэгтэй хүн хүчирхийлэлд өртдөггүй”, “Эрэгтэй хүүхэд айх ёсгүй” гэх мэт ойлголт шүүхийн үнэлгээний далд шалгуур болж болохгүй.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW)-ийн Хорооны Ерөнхий зөвлөмж №33-т шүүхийн тогтолцоон дахь жендэрийн хэвшмэл ойлголт, ялгавартай хандлага нь эмэгтэйчүүдийн шударга ёсонд хүртээмжтэй байх эрхэд саад болж болохыг тэмдэглэж, шүүхийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолсон байдаг. Энэ нь эмэгтэй хүний талд шийдвэр гаргах тухай биш. Харин хүйстэй холбоотой урьдчилсан төсөөллийг шийдвэр гаргалтаас салгаж, бодит баримтад тулгуурлах тухай юм. Гэр бүлийн хүчирхийллийг “энгийн маргаан” гэж харж болохгүй.

Гэр бүлийн хэрэгт хүчирхийллийн нөхцөл байдал давхар оршиж байгаа эсэхийг анхаарах шаардлагатай.

“Яагаад салаагүй юм бэ?” гэж асуухаас өмнө тухайн хүн эдийн засгийн хараат байдал, хүүхдээ хамгаалах шаардлага, айдас, заналхийлэл, сэтгэл санааны дарамт зэрэг ямар нөхцөлд байсныг бодит баримтаар тогтоох хэрэгтэй.

Энэ нь хохирогчийн хэлсэн бүхнийг шууд үнэн гэж үз гэж байгаа юм биш. Харин хохирогчийг буруутгах хэвшмэл ойлголтоор бус, бодит баримтад тулгуурлан үнэлэх тухай юм.

Хүүхдийг зөвхөн сонсох биш, зөв сонсох хэрэгтэй

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн, хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээ шаардлагатай хүн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахдаа шүүхийн харилцаа, хандлага, үйлчилгээний соёлоос айдаг байж болохгүй. Шүүхийн хаалга тэдний хувьд дахин айдас, дарамт, ичгүүр, буруутгал мэдрэх газар биш, харин эрхээ хамгаалуулах, аюулгүй байдлаа хангах, шударга ёс авах газар байх ёстой.

Хүүхдийн эрхийг хангана гэдэг нь хүүхдийг олон удаа шүүхэд дуудан нэг асуудлыг дахин дахин яриулна гэсэн үг биш. Хүүхдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон хэлээр, аюулгүй орчинд, шаардлагагүй давтан ярилцлагагүйгээр сонсох шаардлагатай. Хүүхдийн хэлсэн зүйлийг эцэг, эхийн аль нэгний “талд орсон” гэж шууд дүгнэж болохгүй.

Иймээс хүүхдээс мэдүүлэг авах тусгай өрөө, нууцлалтай орчин, шаардлагатай дуу-дүрсний техник зэрэг нь нэмэлт зүйл бус харин хүүхдийн эрхийг бодитоор хамгаалах шүүхийн орчны үндсэн хэрэгцээ юм.

Шүүгчээс гадна шүүхийн ажилтан бэлэн байх ёстой.

Шүүгч шинэ хуулийг мэддэг байхаас гадна хүүхдийн сэтгэл зүй, жендэрийн хэвшмэл ойлголт, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэл, хоёрдогч хохирол, хүүхэдтэй харилцах арга зүйн талаар мэргэшсэн байх шаардлагатай.

Гэхдээ энэ шаардлага зөвхөн шүүгчид хамаарахгүй. Иргэн шүүхийн талаарх анхны ойлголтоо шүүхийн шийдвэрээс өмнө шүүхийн ажилтантай харилцах үедээ авдаг.

Тиймээс “Зодуулчхаад өөрөө л буцаад очсон байна”, “Ээж хүн хүүхдээ аваад асраад явчихаж болохгүй юу?”, “Эр хүн байж ингэж айгаад байхдаа яах вэ?”, “Та хоёр эвлэрчихвэл амар шүү дээ” гэх мэт буруутгасан, хэвшмэл ойлголт агуулсан хандлага шүүхийн үйлчилгээнд байж болохгүй.

Харин нөхцөл байдлыг тайлбарлах боломж олгох, аюулгүй байдлын эрсдэлийг тодруулах, хүүхдийн үзэл бодлыг нас, хөгжлийн онцлогт нь тохируулан сонсох зэрэг төвийг сахисан, хүндэтгэлтэй, хүн төвтэй үйлчилгээ байх ёстой. Шүүх бол иргэдэд үйлчилдэг төрийн байгууллага төдийгүй, иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шударга ёсыг хэрэгжүүлдэг байгууллага. Шүүгч, шүүхийн ажилтан нь энэ үйлчилгээг хүний эрх, нэр төр, тэгш байдал, хүртээмж, хүндэтгэлд тулгуурлан үзүүлэх учиртай.

Нийслэлд гэр бүл, хүүхдийн шинэ шүүх байгуулагдах нь хангалттай юу?

Энэ асуултыг заавал тавих хэрэгтэй.

Нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх шинээр байгуулагдах гэж байна. Тиймээс шинэ байр, зориулалтын өрөө, хүний нөөц, тоног төхөөрөмжийн бэлтгэл нийслэлийн түвшинд илүү тод харагдаж байгаа. Гэхдээ гэр бүлийн хэрэг маргаан зөвхөн нийслэлд үүсэхгүй. Хуулиар нийслэлийн Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхээс гадна сум, сум дундын шүүх, хуульд заасан тохиолдолд дүүргийн шүүх гэр бүлийн хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэнэ. Тиймээс шинэ тогтолцооны бэлтгэлийг зөвхөн нийслэлийн шинэ шүүхийн байр, орон тоо, тоног төхөөрөмжөөр хязгаарлаж болохгүй.

Орон нутгийн шүүгч шинэ хуулийг хэрэгжүүлэхэд бэлэн үү? Шүүхийн ажилтан шинэ үйлчилгээний стандартыг мэдэж байна уу? Хүүхэдтэй ярилцах тусгай өрөө, нууцлалтай уулзах орчин бий юу?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн шүүхийн үйлчилгээг тэгш хүртэх боломжтой юу? Эрсдэлтэй нөхцөлд байгаа хүн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй этгээдтэй заавал нүүр тулахгүй байх зохион байгуулалт бий юу?

Эдгээр асуултыг зөвхөн нийслэлд бус гэр бүлийн хэрэг маргаан шийдвэрлэх бүх шүүхэд тавих ёстой.

Улсын Их Хурлын 55 дугаар тогтоолд ч нийслэлийн шинэ шүүхээс гадна гэр бүлийн хэргийг шийдвэрлэх бусад шүүхийн байранд зориулалтын шүүх хуралдааны танхим, хүүхдээс мэдүүлэг авах тусгай өрөө байгуулах асуудлыг тусгасан нь үүнийг харуулж байна.

Иймээс шинэ тогтолцооны бэлтгэл бол зөвхөн “нийслэлд шинэ шүүх байгуулах” ажил биш, улсын хэмжээнд шинэ үйлчилгээний стандарт бий болгох ажил юм.

Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн бол нэр төдий орон тоо биш. Шинэ тогтолцооны нэг чухал хэсэг нь хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний оролцоо. Гэхдээ мэргэжилтэн томилогдсоноор ажил дуусахгүй. Түүний мэргэжлийн шалгуур, сургалт, ажлын аргачлал, мэргэжлийн багтай хамтран ажиллах боломж, ажлын ачаалал, нууцлал, хариуцлага, мэргэжлийн ур чадвар бодитоор бүрдэх шаардлагатай. Мөн энэ үйлчилгээг зөвхөн нийслэлд төвлөрүүлэх бус орон нутагт хэрхэн хүргэхийг урьдчилан төлөвлөх нь чухал.

Шүүх бэлэн эсэхийг өөрсдөө шалгаад үзье.

Шүүхийн бэлэн байдлыг зөвхөн “хууль батлагдсан”, “журам гарсан”, “сургалт хийсэн” гэж хэмжихэд хангалтгүй.

Дараах 10 асуултыг бүх шүүх өөрөөсөө асуух боломжтой.

1. Шүүгч, ажилтнууд жендэрийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтаас ангид ажиллах мэдлэг, чадвартай юу?

2. Шинэ хууль танилцуулах төдий биш хүүхэдтэй харилцах, хүчирхийллийн эрсдэлийг таних, хоёрдогч хохирлоос сэргийлэх практик сургалт хийсэн үү?

3. Хүүхэд, эмзэг нөхцөлд байгаа хүнд тохирсон аюулгүй орчин бүрдсэн үү?

4. Шаардлагагүй давтан ярилцлага, шууд нүүр тулгалт, сэтгэл зүйн дарамтаас сэргийлэх зохицуулалт бий юу?

5. Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан мэргэжлийн аргаар сонсох боломжтой юу?

6. Жендэрийн хэвшмэл ойлголт бодит баримтын үнэлгээнд нөлөөлөхөөс сэргийлэх аргачлал бий юу?

7. Шүүхийн үйлчилгээ ойлгомжтой, хүртээмжтэй, хүндэтгэлтэй юу?

8. Сэтгэл зүй, нийгмийн ажил, хүүхэд хамгаалал зэрэг мэргэжлийн дэмжлэг бодитоор авах боломжтой юу?

9. Нууцлал, мэдээллийн аюулгүй байдал, оролцогчдын аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдсэн үү?

10. Хэрэгжилтийг тогтмол үнэлж, илэрсэн асуудлаа засаж сайжруулах тогтолцоо бий юу?

ХУУЛЬ БЭЛЭН БОЛСОН. ОДОО ШҮҮХ БЭЛЭН БОЛОХ ЦАГ

Шинэ тогтолцооны гол сорилт нь зөвхөн хууль батлахад биш, хуулийг ямар орчинд, ямар хүн, ямар хандлагаар хэрэгжүүлэх вэ гэдэгт оршино.

Нийслэлд шинээр Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулагдах нь чухал алхам. Гэхдээ шинэ тогтолцоо шинэ байртай болсноор шийдэгдчихгүй.

Шүүх энэ талаар ямар ч алхам хийдэггүй гэж байгаа юм биш, харин том зургаар нь бүхэлдээ салбар өөрөө жендэрийн талаарх нэгдсэн бодлого, үйлчилгээний нэгдсэн стандарт бий юу? жендэрийн линзээр харж чадаж байна уу? Шүүх жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлдэг үү? гэж асууж байгаа юм.

Сум дундын шүүхэд хандаж буй хүүхэд, хүчирхийллийн эрсдэлтэй хүн ч, нийслэлийн шинэ шүүхэд хандаж буй иргэн ч хүндэтгэлтэй, аюулгүй, хүртээмжтэй, ялгаварлалгүй үйлчилгээ авах эрхтэй.

Тиймээс бид “Нийслэлийн шүүх бэлэн үү?” гэж асуухаас гадна “Орон нутгийн шүүх бэлэн үү?” гэж асуух цаг болжээ.

Шүүгч нь бэлэн үү?Шүүхийн ажилтан нь бэлэн үү?Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн нь бэлэн үү? Шүүхийн орчин бэлэн үү?Техник тоног төхөөрөмж бэлэн үү?Нууцлал, аюулгүй байдал бэлэн үү?Хүүхдэд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй үйлчилгээний стандарт бэлэн үү?

Хэрэв эдгээр асуултад бодитоор “тийм” гэж хариулж чадах хэмжээнд бэлтгэл хангагдвал бид зөвхөн шинэ хуультай болсон биш, шинэ соёлтой гэр бүлийн шүүхийн тогтолцоог бий болгож байна гэж хэлж болно.

Эцсийн эцэст гэр бүлийн шүүхийн хаалгаар орж ирж байгаа хүн бол зүгээр нэг “маргаантай тал” биш. Тэр бол амьдралынхаа хамгийн эмзэг үед шударга ёсыг хайж ирсэн хүн.

Тэр дундаа хүүхэд бол насанд хүрэгчдийн байгууллагын хаалгыг өөрийн эрхээ хамгаалуулахаар тогшиж буй нэгэн.

Тиймээс бидний зорилго:

Хууль хэрэгжүүлэхээс гадна хүний эрхийг хамгаалж хэрэгжүүлэх. Хүүхдийг шүүхэд авчрах бус, хүүхдийг шүүхийн орчинд хамгаалах. Хүнийг жендэрээр нь дүгнэх бус, бодит нөхцөлөөр нь үнэлэх. Шүүхийн хаалгыг нээлттэй болгохоос гадна тэр хаалгаар орж ирсэн хүн бүрийг аюулгүй, хүндэтгэлтэй, шударга үйлчилгээтэй учруулах.

ХУУЛЬ БЭЛЭН БОЛСОН. ОДОО ШҮҮХ БЭЛЭН БОЛОХ ЦАГ. ШҮҮХ БЭЛЭН ЭСЭХИЙГ ШҮҮХ ӨӨРӨӨ ШАЛГАХ ЦАГ.

Ч.ХАНДДУЛАМ