Биотин буюу В7 витамин нь үс, хумс, арьсны эрүүл мэндэд чухал нөлөөтэй гэдгээрээ алдартай. Тийм ч учраас сүүлийн үед хүмүүс маш өндөр тунтайг өдөр тутамдаа хэрэглэдэг болсон. Гэвч сүүлийн үед хийсэн судалгаагаар өндөр тунтай биотин хэрэглэх нь эмнэлгийн шинжилгээний зарим хариунд хуурамч үр дүн өгч болзошгүй болох нь тогтоогдсон.

Та Биотин яагаад шинжилгээнд нөлөөлдөг юм бол гэж гайхаж байж магадгүй. Тэгвэл биотин нь шинжилгээний лабораторид хэрэглэгддэг зарим урвалжтай ижил төстэй бүтэцтэй байдаг тул хуурамч үр дүн гаргахад нөлөөлдөг. Ялангуяа биотин-стрептавидины технологийг ашигладаг шинжилгээнүүдэд энэ нь илүү их тохиолддог. Биотин нь шинжилгээний урвалжуудтай урвалд орж, бодит үр дүнгээс хэт өндөр эсвэл хэт бага тоог заах магадлалтай. АНУ-ын Хүнс, Эмийн албанаас эмийн сангуудад жоргүй олгогддог олон бүтээгдэхүүний найрлагад биотин ордог гэдгийг зарлаж, тэдгээр нь лабораторийн шинжилгээний хариунд нөлөөлөх үйлчлэлтэйг олон нийтэд анхааруулсан. Үүнд:В амин дэмийн комплекс, Коэнзим үс, хумс, арьсны тэжээл, ургалт дэмждэг бүтээгдэхүүнүүд, витамины комплекс, жирэмсний витаминууд,витамин В7 нэмэлт бүтээгдэхүүнүүд багтсан байна.
Биотин нь хэд хэдэн шинжилгээнд илүүтэй нөлөөлдөг. Үүнд
- Дааврын шинжилгээ: Бамбай булчирхайн даавар (TSH, T3, T4)-ын шинжилгээний хариунд ихэвчлэн нэт өндөр эсвэл хэт бага утга гарч, буруу онош тавигдах эрсдэлтэй. Жишээ нь: бамбай булчирхайн үйл ажиллагаа хэвийн байсан ч хэт идэвхжсэн мэт буруу үр дүн гарч болно.
- Зүрхний шинжилгээ: Зүрхний шигдээсийг оношлоход хэрэглэдэг тропонины шинжилгээний хариунд хуурамч буруу үр дүн гарч, эмч нарыг төөрөгдүүлэх аюултай. Энэ нь өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэхгүй байх эсвэл шаардлагагүйгээр эмчлэхэд хүргэж болно.
- Бусад шинжилгээ: Витамин D, инсулин, холестерин зэрэг зарим шинжилгээний хариунд ч биотин нөлөөлөх магадлалтай.
Хэрхэн буруу хариу гарахаас сэргийлэх вэ гэж үү? Хэрвээ та дээрх шинжилгээнүүдийг өгөх гэж байгаа бол шинжилгээ хийлгэхээсээ өмнө эмчдээ өөрийн ууж буй бүх витамин, нэмэлт бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх нь хамгийн чухал. Шинжилгээ өгөхөөс 2-3 хоногийн өмнө биотин уухаа зогсоохыг ихэнх эмч нар зөвлөдөг. Өндөр тунтай биотин хэрэглэж байгаа бол зогсоох хугацааг уртасгах шаардлагатай гэж үздэг. Энэ нь таны эрүүл мэнд, цаашдын эмчилгээний зөв шийдвэрийг гаргахад чухал үүрэгтэй тул анхааралтай хандах нь зүйтэй. Гэхдээ сүүлийн үеийн аппарат хэрэгслүүд биотины хамааралгүй болсон. Тэгэхээр та шинжилгээ өгөх гэж байгаа бол биотины нөлөөнд автахгүй аппарат хэрэгсэлтэй лабораторийг сонгох хэрэгтэй. Шинжилгээний хариунд маань нөлөөлөхгүй биз гэдгийг лавлан асуух хэрэгтэй шүү. Мэдээлэл, мэдлэгтэй байж л эрүүл мэнддээ хөрөнгө оруулах билээ.


