Вьетнамын Лонг Тхан (Long Thanh) олон улсын нисэх онгоцны буудал дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал болох юм. Одоогоор энэ онгоцны буудал баригдаж байгаа бөгөөд 336 их наяд Вьетнам донг буюу (9.5 тэрбум фунт стерлинг) өртөгтэй баригдаж байгаа гэнэ. Тус нисэх онгоцны буудал нь гурван терминал, дөрвөн хөөрөх зурвастай байхаас гадна гол танхим нь бадамлянхуа цэцгийн хэлбэртэй 82м өндөртэй шилэн дээвэртэй байхаар төлөвлөгдсөн байна. Лонг Тханы шинэ онгоцны буудал 5000 га орчим талбайтай тул одоогийн Тан Сон Нхат олон улсын нисэх онгоцны буудлыг орлож, олон улсын нислэгийг шилжүүлэхээр төлөвлөсөн гэнэ.

Энэхүү онгоцны буудал жилдээ 100 сая зорчигч хүлээн авах багтаамжтай бөгөөд эхний ээлжиндээ нь 25 сая орчим жуулчин хүлээж авахаар төлөвлөсөн гэнэ. Энэ нь Дубай, Даллас дахь нисэх онгоцны буудлуудтай өрсөлдөх дэлхийн хамгийн том төвүүдийн нэг болно гэж үзэж байна. Вьетнам улс нь хямд төсрөөр аялах боломжтой газруудын нэг бөгөөд жил бүр энэ улс руу аялах аялагчдын тоо өссөөр байна. Вьетнамын зах зээлийн судалгааны байгууллагын мэдээлснээр 2025 онд Вьетнамд ирэх жуулчдын тоо огцом өсч оны дундуур гэхэд тус улсад ирсэн хүмүүсийн тоо 10.7 саяд хүрч 2024 оны мөн үеэс 21 хувиар өссөн байна.
Шинэ нисэх онгоцны буудал Хо Ши Мин хотын төвөөс 40 км-ийн зайд байрлах бөгөөд ирээдүйд энэ нисэх онгоцны буудал хоттой холбосон хурдны зам, метроны шинэ шугам, өндөр хурдны галт тэрэгний өргөтгөл хэсэгтэй болох юм.


