Л.Оюун-Эрдэнэ огцров. Бүх юм ард хоцров.
Хорь хоног талбай дээр үзэл бодлоороо нэгдсэн залуус, эрх баригчид, эрх мэдэлтнүүдийн эрх ямбанд дургүйцсэн иргэд, нэг намын удирдлагаас залхсан хүмүүс, жагсаалыг сэм дэвэргэж ашиг сонирхлоороо хөтөлсөн зарим нэг хүчин, намын гомдогсод, дараагийн сайдын тушаалыг мөрөөдөгсөд, үгэндээ орохгүй сургасан хүүхдээ хашраах гэсэн ахын бодлого, хэтийдсэн балай херопоганда пи ар, сошиалд нэгнээ хайр гамгүй гөвсөн дайн гээд чөлөө завгүй өрнөж байсан үйл явц ингэж нэг дууслаа.
Гэхдээ бүх зүйл эхэлж байна.


Гуч гаруй жил явж ирсэн эрх мэдэлд хүрэхээр мөнгө нь дийлдэхээ байдаг улстөрчдийн замнал, хэн нэгэн албан тушаалтанд аялдаж өөрсдөд нь ч мэдэгдэхгүй эргэн тойрныхонд нь мөнгө чихдэг бялдуучлал, дараагийн албан тушаалын төлөө кабинетийнхээ эсрэг кноп дардаг зуршлыг өөрчлөх, нам намаг балчиг шиг биш нам манлайлал үзүүлдэг шинэ соёлыг авчрах гээд олон ажил байна.
Үүний төлөө залуус маань жагсч чадсан шигээ хариуцлагатайгаар шахаж, эрх баригчдыг нүд алдалгүй хянаж байх даалгавар үлдэж байна.
Чуулганы танхимд хэлсэн шигээ үйл хэргээ залгамжлуулахыг бүх хэнээс шаардах даалгавар үлдэж байна. Чуулган дээр ер харагддаггүй атлаа огцруулах чухал мөчид орж ирж, үгээ хэлсэн Ерөнхийлөгчөөс ард түмнийх нь сонголт болсон ардчилсан парламентаа хамгаалахыг нэхэх ёстой. Эрх мэдэлтэй байх хугацаандаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байтугай Ү үсэг ч хэлэхгүй шахам хамгаалж байж дараагийн том соёлыг суулгана гэдгийг нь өдөр бүр сануулах ёстой. “Кабинетийн гишүүн учраас миний зарчим тодорхой” гэж хэлж байснаа хэдхэн хоногийн дараа үйлдэл нь өөр болсон урвасан сайд нар дараагийн Засгийн газарт орохгүй байх ёстой. Хүний наад захын ёс зүйн хэм хэмжээ, хүний үнэртэй улстөрчид төрийн бодлогыг хэлэлцдэг байх учиртай. Наанаа иргэд бидний нэрийг барьж чуулганы танхимд томорсноо ачир дээрээ өөр үйлдэл хийдэг гишүүдийг хэлсэн шиг нь үйлдэлтэй байлгах ёстой.
Дараагийн Засгийн газар, Ерөнхий сайдыг дэмжин ажиллана гэдэг амандаа Л.Оюун-Эрдэнэ хүрэх ёстой. Орлогоо нотлоод асуудлыг хаах ёстой. Төрийн залгамж байдал тасралтгүй байх ёстой. Унасандаа өсөрхөх биш мэддэг, чаддагаараа дэмнээд явах ёстой.
Нам өөрөө манлайлал үзүүлдэг байх ёстой. Намууд өөрсдөө өөрчлөгдөх ёстой. Олон зүйлийг энэ үйл явдал харууллаа. Олон даалгаврыг бидэнд үлдээлээ.
Ард олон засаглах эрхийг хүлээн зөвшөөрсөн үед төр бий болдог. Ард олны хүсэл эрмэлзэл, санаа бодлыг алхам бүртээ анхаарч мэдрэхгүй вакуумжаад байвал ямар ч засаг удахгүй. Ард олон ч өөрсдөө хувь хүн нэг бүр хариуцлагатай, зөв байх алхмаа хичээж байх ёстой. Өөрөө хичээхгүй атлаа бусад руу давшлаад байвал улс орон урагшлахгүй. Аль аль талаасаа эрчим нэгдэж байж төр улс тогтоно. Түмэн олон амар тайван амьдрах улс бий болно.
Л.Оюун-Эрдэнэ огцров. Олон даалгавар бүгдэд үлдэв.


