Дэлхийд нэн ховор амьтан, ургамлын өлгий болсон Алтай Өвөр говийн хувь заяаг шийдэх Нарансэвстэйн боомтын асуудал бол зөвхөн энэ газар байршдаг Говь-Алтайн гурав, Баянхонгорын хоёр сумын иргэдийн асуудал биш юм. Энэ бол дэлхийд гайхагдсан тусгай хамгаалалттай газраараа бахархаж байгаа бүх монголчуудад хамаатай асуудал. Цаашлаад дэлхийд шинэ жишиг гаргаж, том үлгэр үзүүлсэн гэдэг утгаараа олон улсын, НҮБ ч анхааралдаа авах асуудал.
“Нарансэвстэйн боомтыг сэргээнэ, нээнэ гэсэн дөрвөн үгтэй ганц заалт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орж ирснийг иргэд болоод эрдэмтэн судлаачид, байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд эсэргүүцээд хагас жилийн хугацаа өнгөрч байна. Зөвхөн энэ хүмүүс л эрх ашгаа хамгаалаад байгаа мэтээр нэр бүхий улстөрчид харлуулах гэж оролдож байгаа ч аль хэдийнэ 33 мянган хүний гарын үсэг цугларч, нэгэнт олон нийтийн хөдөлгөөн болсон гэдгийг УИХ-д баталж харуулсан. Одоо ажлын хэсэг ид ажиллаж байгаа, Засгийн газрын сонирхол, дотоодын улстөрчдийн эрх ашгийг давж шийдвэр гаргах эсэхийг хүмүүс анхааралтай ажиглаж байна. Олон улсын байгууллагууд ч анзаарч харж байгаа нь лавтай.
Уг нь бол асуудал иймдээ тулж, ажлын хэсэг байгуулагдаж, иргэд асуудлыг эсэргүүцэж тэгж олноороо гарын үсэг цуглуулах ч шаардлагагүй асуудал юм. Угаасаа хагас зуун жилийн турш тусгай хамгаалалттай явж ирсэн дархан цаазат газрыг дайруулан боомт байгуулна гэдэг утгагүй. Нарансэвстэйн боомтыг сэргээн нээх хууль зүйн үндэслэл байхгүйгээс гадна эдийн засгийн өгөөж өгөх боломжгүй газар гэдгийг хуульч, эдийн засагч нар амаа чилтэл хэлж ирсэн.
Хөгжлийн төлөө боомтын сэргэлтийн бодлогыг дэмжиж болох ч тусгай хамгаалалттай газар нутагт байгуулах ямар ч шаардлагагүй, зэргэлдээ боомтуудаа хөгжүүлэх бүрэн боломжтой тэгэхгүй бол олон улсын өмнө хүлээсэн гэрээ конвенцио зөрчих гэж байгааг олон улсын байгууллагын зүгээс хэлэхгүй бол эдийн засгийн өгөөж нэрээр нэр бүхий улстөрчид чичрээд зогсохгүй бололтой.
Нарансэвстэйн боомтыг нээх шийдвэр гаргавал Монгол улс өөрийн дотоодын хууль тогтоомжоос гадна нэгдэн орсон олон улсын дөрвөн ч конвенцийг зөрчиж, олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ ухрах болоод байгаа юм. Тухайлбал, Биологийн олон янз байдлын тухай конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенц, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийг шууд зөрчинө. Дэлхийн өвд бүртгэгдэх асуудал бүр ч байхгүй болно.
Үүнээс гадна Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-т заасан, Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн заалтыг зөрчихөөс гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1,2,5-р заалтууд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1,16-р зүйл, Монгол улсын хилийн тухай хуулийн 26.1, 26.3, 26,4 дүгээр зүйлүүдийг зөрчихөөр байгаа юм. Монгол Улс нь ОУ-ын гэрээ, конвенц болон дотоодын хууль, журмын хоорондын харилцааг “Монгол Улсын Үндсэн хууль” болон “Олон улсын гэрээнүүдийн тухай хууль”-д тодорхой зааж өгсөн байдаг. Энэ зохицуулалтаас харахад Монгол Улс олон улсын гэрээг хүлээн зөвшөөрөхдөө, уг гэрээ нь дотоодын хуульд нийцэж байх шаардлага тавьдаг. Хэрэв олон улсын гэрээ нь Үндсэн хууль, дотоодын хууль тогтоомжтой зөрчилдсөн бол, олон улсын гэрээ давуу эрхтэй үйлчилнэ гэдгийг маш тодорхой заасан.
НҮБ нь дэлхий даяарх улсуудыг нэгтгэж, байгаль орчныг хамгаалах олон улсын бодлого, стандарт, конвенцийг боловсруулж, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн сүйрэл, экологийн асуудлыг судалж, олон нийтэд мэдээлэл түгээж, анхаарал татах ажлыг удирддаг байгууллага учраас энэ асуудлыг зөвхөн орон нутгийн, ганц нэг, аймгийн дарга нар, иргэд шийддэг асуудал гээд орхих учиргүй. Шат дарааллын дагуу тийш хандах нь ч зөв болов уу.


