нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Амьдрал хэмээх сэлүүргүй их далайд ялагч болох гараагаа тэд зөв эхэлж байна

  • By Болортуяа Р
  • 2025-04-16

Монголын даамын холбооны хамгийн том арга хэмжээ болох “Өсвөрийн УАШТ 2025” сурагчдын 2-р ээлжийн амралтаар /4 дүгээр сарын 4-11-нд/  болж, тэмцээнд Улаанбаатар хотын 7 дүүрэг, 17 аймгийн 690 тамирчин 5 насны ангиллаар өрсөлдлөө. Тэмцээний хамгийн өхөөрдөм нь 5-6 настангуудын өрсөлдөөн байдаг юм байна. Нөгөө нэг супер түргэн тоглолт гэгч нь энэ үү гэмээр бужигнуулаад дуусна.  Бараг л өрсөлдөгчөө нүүхтэй зэрэг нүүж хэн хурдан нүүх вэ гэдэг уралдаан болж буй мэт… Бас нэг хайр татам үйлдэл нь өөрөө хожигдох байсан ч өрсөлдөгчдөө идэлтийг нь зааж өгнө. Хүүхэд гэдэг ямар цагаахан, яасан шударга, ямар өхөөрдөм юм бэ гэх хайр төрүүлнэ.

Эргээд харахад өрсөлдөөн ихтэй, инээд баясал, уйлаан дуулаан нь заримдаа хонь хурга нийлж буй мэт орчинд оруулж, заримдаа ёстой бясалгаж буй мэт анир чимээгүйд автуулж, хүүхдээ гарч ирэхийг сэтгэл түгшин хүлээх  ээж аавууд, багш дасгалжуулагчид гээд л сонирхолтой орчинд таван өдрийг өнгөрүүлжээ. Ялалтын баярыг мэдэрч, ялагдахын гашууныг амсаж уйлах хэдий ч эргэн сэргэж дараагийн тоглолтдоо орох сэтгэлийн тэнхээ, өрсөлдөгчөө хүндэтгэх сэтгэл, анд найзуудын нөхөрлөл, өргийн ардах өрсөлдөөнийг хараад чухам энд л ирээдүйн монгол хүнийг бэлтгэх хичээл сургуулилт болдог юм байна гэж бодогдоно.

Тамирчин хүүхдүүд ёс зүйтэй, бие биеэ хүндэтгэх сэтгэлтэй, нэг насанд өрсөлдөж буй ч 1 насаар ах хүүхдээ АХАА, ЭГЧЭЭ гэж дуудах хүмүүжилтэй байгаа нь сайхан санагдаж байлаа. Сэтгэл хөдөлгөм хүмүүжилтэй, зөв төлөвшиж буй хүүхдүүд энд цугласан гэлтэй. Бүр бахархмаар нэг зүйлийг энд тэмдэглэхгүй бол боломгүй. Дорноговь аймгийн ДДХДМ К.Мөрөн хүү шиг сүүлийн өргийн чухал хэсэгт өөрт ашиггүй байрлалтай хэдий ч амархан хожил авчихая гэж бодолгүй өрсөлдөгчөө хүндэтгэн “Цаг чинь дууслаа” гэж сануулсан тухай  сонсох тунчиг сайхан. Ай даа, сайны хажуугаар саар зүйл ч байх юм. Шүүгчид, хүүхдүүд, эцэг эхчүүдэд маань анзаарагдаж байсан бизээ. Ялж л байвал хамаагүй, булхай ч хэрэглэж болно гэх богинохон явуургүй зан чанар нэг аймгийн тамирчин хүүхдүүдээс түлхүү гарч байсан нь харамсалтай санагдаж байлаа.

Цагаан цаас мэт балчирхан үрсийн буруу гэж юу байхав ээ.  Зальжин булхайтай хүн хол явдаггүйг хэн хүнгүй л мэднэ.  Өвөг дээдэс маань үнэнээр явбал үхэр тэргээр ч туулай гүйцнэ гэж бидэнд сануулсаар ирсэн билээ. Энэ аймгийнхан маань нэгийг бодож, нөгөөг тунгааж дараа дараагийн тэмцээндээ оюуны спортоор хичээллэдэг ухаант хүүхдүүддээ үнэн бөгөөд шударгаар өрсөлдөхийн чухлыг ойлгуулж ирнэ гэж итгэж байна. Энд нэг тэмцээнд ялах асуудал биш нэг насных нь амьдралын тухай яригдах асуудал үүсэх магадлалтайг санан бодолцоно биз ээ.

Долоохон настай балчир үр минь сургуулийнхаа өв уламжлалын аяны хүрээнд зохион байгуулсан шагай няслах тэмцээнд орж гэнэ. Хүүхдүүдийн шагай няслахыг харж суусан сургалтын менежер нь “Хүүе ээ энэ хүү ямар сүрхий юм бэ. Дараа дараагийнхаа няслах шагайгаа бодон тооцолж няслаад байна ш дээ” гэж уулга алдаж гэнэ. Анги удирдсан багш нь ”Даам тоглодог хүү байгаа юмаа” гэсэнд “Аан тийм байх, сүрхий хүү байна. Дараагийн шатны тэмцээнд оруулчихая” гэсэнд хүү маань “Би амжихгүй байх. Даамны тэмцээнтэй” гэж хариулсан тухай багш нь надад хэлж билээ. Тухайн үед хүүгээрээ бахархахын хажуугаар даамаар хичээллүүлсэндээ дотроо олзуурхаж байлаа.

Хүүгээ ялагдаад гараад ирэхээр нь загнамаар санагдавч балчирхан үрсээсээ юу шаардаад, юу хүлээгээд байнаа. Би өөрөө 6, 7 настайдаа юу хийж явсан билээ гэж бодохын хамт ялаад гараад ирэхээр нь мэдрэх сэтгэл догдлол, баяр хөөр, хайр энхрийлэл, бахаралт сэтгэл гээд бүхий л мэдрэмжийг Өсвөрийн улсын аваргын 5 өдөр нэг дор мэдэрч өнгөрөөжээ.

Анхлан яаж 5 хоног хүүхдээ сахинаа гэсэн бодол тээсээр сургуулийн босго алхаж орсон хэдий ч тамирчин хүүхдүүдийн ээж аавуудтай цагийг хөгжилтэй зугаатай өнгөрөөн, ёстой л ярих хэрэгцээгээ хангалттай дүүргэсэн өдрүүдийг нэг хэсэгтээ л санагалзах нь бизээ.

            Тэмцээнд оролцож буй бүх хүүхэд медаль авч цаашид их мастер, дэлхийн аварга болохгүй нь мэдээж. Гэхдээ тэд бүгд амьдрал хэмээх сэлүүргүй их далайд ялагч болох гараагаа зөв эхэлж байна аа гэсэн бодол төрж байв. Тэд багаасаа аливаа зүйлийг цэгцтэй бодож тунгаан, урьдчилан харж, зөв оновчтой шийдвэр гаргах аргыг эзэмшин сурч байна. 6, 7, 8-хан настай балчирхан хүүхдүүд 10 нүүдлийн дараахыг тооцоолон нүүж байгааг сонсоод бахархахгүй байхын аргагүй.

Энэ тэмдэглэлийнхээ төгсгөлд тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын даамын холбоо, зохион байгуулах баг хамт олон, шүүгчид, оюуны спортыг дэмжигч 184-р сургуулийн хамт олон, багш дасгалжуулагч нарт, нийт оролцсон тамирчин хүүхдүүд, тэдгээрийн асран хамгаалагч нарт бүгдэд нь баяр хүргэе. Та бүгд бүгдээрээ ялагч байлаа. Учир нь зөв сэтгэн бодох чадамжтай, ирээдүйд эх орноо хөгжүүлэх, орчин цагийн чадварлаг  залуусын суурийг бэлтгэж өгч байна шүү дээ. Балчирхан үрс минь миний сайхан эх орны ирээдүй билээ.

Л.Буддорж

Post Views: 836

About Author / Болортуяа Р

Previous post
Гурван сарын хугацаанд 3000 орчим хүн донор болохоо зөвшөөрч донорын карт авчээ
Next post
Б.Лхагвасүрэн: Монголбанк “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-ын үндэсний манлайлагчаар ажиллаж байна

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Богд хааны ордон музейн сэргээн засварлалт 70 хувьтай үргэлжилж байна

2024-06-04
Улс төрЦаг үе, үйл явдал

“Эрчист Монгол”-ын захирлаар Ганибалын Амартүвшинг томилжээ

2025-03-21
Цаг үе, үйл явдал

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН “МӨРӨӨДӨЛ” СУРГУУЛИЙН СУРАГЧИД УУРХАЙД ЗОЧИЛЛОО

2025-09-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search