ҮБХИС-ийн Эрдмийн сургууль,  ХХЕГ-ын Хил судлалын хүрээлэн хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр (2025.04.11) байгуулав. Энэхүү санамж бичгийн хүрээнд “Үндэсний аюулгүй байдлыг хангахад газрын хэвлийн хил хамгаалалтын үзүүлэх нөлөөлөл” сэдвээр  анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 Тус үйл ажиллагааг нээж, Хил судлалын хүрээлэнгийн захирал, доктор, хурандаа А.Ганбилэг, Эрдмийн сургуулийн захирал, доктор, дэд профессор, хурандаа Э.Нацагдорж нар үг хэлж, амжилт хүсэв. Хэлэлцүүлэгт “Үндэсний аюулгүй байдал ба газрын хэвлийн хил хамгаалалтын хамаарал” сэдвээр Эрдмийн сургуулийн Аюулгүй байдал судлалын тэнхимийн профессор багш, доктор (Sc.D), профессор З.Болдбаатар, “Хилийн аюулгүй байдлыг хангахад газрын хэвлийн хил хамгаалалтын үзүүлэх нөлөөлөл” сэдвээр Хил судлалын хүрээлэнгийн судлаач, дэд хурандаа Г.Эрдэнэцогт, “Газрын хэвлийн байгалийн баялгийг хамгаалах, ашиглах талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газар, ахлах шинжээч Х.Баярхангай, “Хил орчмын нутаг дэвсгэр дэх геологийн судалгааны өнөөгийн нөхцөл байдал ба түүний газрын хэвлийн хил хамгаалалтад үзүүлэх нөлөөлөл” сэдвээр Үндэсний  геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг нар илтгэл тавьсан юм.

Эрдмийн сургуулийн Аюулгүй байдал судлалын тэнхимийн дарга, доктор (Ph.D), профессор Б.Эрдэнэчимэг хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ “Дэлхийн улс орнууд геополитикийн ашиг сонирхлоо хангахын тулд бусад улсын, тухайлбал: хил залгаа улсуудын газрын хэвлий дэх байгалийн баялаг, газрын ховор элементүүдийг ашиглах боллоо. Мөн газар доогуур нүхэн хонгил барьж, хууль бус үйл ажиллагаа явуулах явдал нэмэгдэж буй энэ цаг үед манай улс дотооддоо газрын хэвлийн аюулгүй байдлыг хангах, байгалийн баялгаа зүй зохистойгоор ашиглах, хамгаалах асуудлаар харилцан ярилцаж ойлголцох асуудал ихээхэн тулгамдаж байгааг онцоллоо. Улмаар хэлэлцүүлгээс гаргасан санал санаачилгыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх нь энэ хэлэлцүүлгийн гол ач холбогдол юм” хэмээв.