“2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц”-ийг Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр танилцууллаа.
Тэрээр “Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилийн шинэ бүтцийг гаргасан байна. Нийслэлийн болон хөдөө орон нутгийн гэсэн ялгаатай байдаг. Учир нь нийслэл хүн ам төвлөрсөн агаарын бохирдол ихтэй, түгжрэлтэй хот. Иймд нийслэл хөдөө орон нутгийн амрах хугацаа 7 хоногоор зөрдөг.
Гэхдээ дуусах хугацаа нь адилхан байдаг. 2024-2025 оны хичээлийн жил бол гурван улирлын бүтэцтэй явсан. Үүний хүрээнд нэгдүгээр сард хүүхдүүд таван долоо хоног, бага сургууль нэг сар амарсан. Энэ нь олон жилийн томуу, ханиадны дэгдэлтийг тооцсон.
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бол Улаанбаатар хот. Арванхоёрдугаар сарын дунд үеэс нэгдүгээр сар хүртэл тохиодог. Тиймээс 2025-2026 оны хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй явна. Амралтын нэг долоо хоног сунгаж байгаа. Улмаар арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс бага сургууль амарч, нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээл эхэлнэ. Ингээд нийт 6 долоо хоног амрах нөхцөл бий болгож байна.
Нэгдүгээрт, түгжрэлийг бууруулна, хоёрдугаарт хүүхдүүд ханиад томууны дэгдэлт буурна. Дунд, ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ ахлах ангийнхан нэг долоо хоног цахимаар хичээллэнэ. Харин зургаадугаар сард нэг долоо хоног сунаж хичээллэнэ.
Орон нутгийн хүүхдүүдийн тухайд, бага сургууль таван долоо хоног, дунд сургууль дөрвөн долоо хоног амарна. Улмаар мал төллөх үеэр хотын хүүхдүүдээс нэг долоо хоног илүү буюу нийт 14 хоног амарна. Сар шинийн амралтын хувьд гурав хоногийн хичээлийг цахимаар хичээллэх, даалгавар өгөх чиглэл өгсөн. Амралтын өдөр нөхөж хичээллэхгүй” гэв.


