“Ижил тэнгэртэйдээ харагдаж, илүү тэнгэртэйдээ агнагддаг” гэгддэг чоно удахгүй илүү тэнгэртэй хэн ч байсан харагдахгүй болж магадгүй болов.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зарим аймгуудад чонын тоо толгой эрс өссөнтэй холбоотой агнах хэрэгцээтэй байна гэсний дагуу байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг сийрэгжүүлэх зорилгоор чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх чиглэлийг өгчээ. Өөрөөр хэлбэл, орон нутагт нь чоно агнах эрхийг нь өгч, ямар нэгэн төлбөр хураамж авахгүй болж байгаа юм.
Уг нь чоно бол Дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргасан ангиллаараа бол чоно ховор амьтанд тооцогддог. Экологийн тэнцвэрийг хамгаалдаг, байгалийн эмч хэмээн нэрлэгддэг амьтан. Дэлхийн нэлээд олон орон чоно бүрмөсөн устаж үгүй болсноос байгалийн тэнцвэр алдагдаж, эргэн нутагшуулах гэж маш их хэмжээний хөрөнгө зараад ч чадахгүй явж ирсэн нь бий. Манайд ч гэсэн одоогоос хэдхэн жилийн өмнө зүүн аймгуудад шүлхий гарч, мал ихээр хорогдож, иргэд хохирол амссаны гол шалтгаан зээрийн сүргээ дагаж явдаг чонын тоо толгой цөөрснөөс болж, өвчтэй амьтдын тоо хэмжээ ихэсч эргээд хүмүүсийн мал аж ахуй, эдийн засгийн хохирлын шалтгаан болж байна гэж байнгын хороогоор ч хэлэлцэж байсан удаатай.

Гэвч зарим аймгуудад чоно ихэсч, мал руу халдаж байгаа учраас чоныг хороох шаардлагатай байна гэж санал хүсэлт гаргаснаас яам нь зөвшөөрлийг орон нутаг руу шилжүүлж, хуулинд заасан хураамжийг авахаа байж байгаа юм байна. Говь-Алтай, Хөвсгөл, Завхан зэрэг найман аймагт энэ зөвшөөрлийг өгчээ.
Угаасаа чоныг дархалчихсан ч юм биш, агнах хэрэгцээтэй үедээ зөвшөөрлийг нь яамнаас аваад явж л ирсэн. Хөвсгөл аймаг гэхэд өнгөрсөн жил 300 чоно агнах зөвшөөрөл авчихаад өөрсдөө тоондоо хүргээгүй. 2019-2024 оны хооронд орон нутагт 1056 саарал чоныг ахуйн зориулалтаар агнахаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгосноос аймгууд нийт 153 саарал чоныг агнажээ. Үнэхээр тулгамдсан байсан юм бол агнаад ажлаа хийж байхгүй яасан юм. Энэ бол цэвэр орон нутгийн зохион байгуулалтын ажил байсан.
Уламжлалт чоно агнадаг, үржлийн үед нь бэлтрэг суйлдаг, үргээлгээр агнадаг гээд хийж ирсэн зүйлсээ хийж чадахгүй байж, чононд асуудал байгаа мэт удаа дараа бичиг шидэж,

УИХ-ын гишүүд нь далайлгасаар байгаад хураамжгүй агнадаг болгочихлоо. Хөшүүрэг алдагдаад ирэхээр асуудал гаждаг нь жам. Энэ нь өөрөө ямар их хор хөнөөл дагуулж байгааг салбарын яам нь мэдэхгүй байна гэж байх уу.
Үнэхээр гайхаш төрүүлэм. Ер нь аль аймагт чонын тоо толгой хэдээр нэмэгдэж, эдийн засгийн ямар хор хөнөөл учруулаад байгааг гаргаж ирсэн судалгаа гэж Монголд байна уу. Мэргэжлийн эрдэмтэн судлаачдын гаргасан ямар судалгаан дээр үндэслэн төр засаг энэ шийдвэрээ гаргаж байгаа юм бол. Үнэхээр орон нутаг өөрийн нөөц бололцоогоо ашиглаж, чонын тоо толгойг хянаж, мал сүргээ эрсдэлд оруулахгүйн тулд ямар алхам хийсэн юм бол. Юу ч байхгүй. Ер нь манайд энэ талаар томоохон судалгаа гэж байхгүй бөгөөд Говийн их дархан цаазат газарт л бусад амьтдаа хянах үүднээс чоныг тоог гаргаж ирсэн мэр сэр судалгаа байдгаас өөр зүйлс ховор гэдэг. Сүүлийн жилүүдэд бүр юу ч хийгдээгүй.
Гэтэл энэ удаад үнэндээ чоно ихэдээд асуудал болоод байв уу, өөр хүчин зүйл нөлөөлөв үү гэдэг дээр хардахгүй байхын аргагүй. Чоно алах хэрэгтэй байна, Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулна гэж анх дуугарч гарч ирсэн хүн бол Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд Төрийн ордонд хийсэн хэвлэлийн бага хурлаа эхлэхдээ эрхэм гишүүн ингэж дуугарч эхэлсэн. Гэвч тэр хүний санаа нь Говийн их Дархан цаазат газарт нээхээр санаархаж байсан Нарансэвстэйн боомтын талаар ярихын тулд тэр хурлыг зарласан нь тодорхой байсан. Энэ талаар нь түрүүлж асуулт асуусан сэтгүүлчийг “Байж бай, би одоо ярих гэж байна” гэсээр эх говийн дархан газар хэн ч байдаггүй, ээрэм цөл гэдгийг харуулахаар сэтгүүлчдийг авч явахаа энэ хурлын үеэр мэдэгдэж байсан билээ. Ийм зорилготой хийгдсэн хурлын өнгөлөн далдлалт хөөрхий чоно байв.

Зүгээр л энэ асуудлыг ярихын тулд саарал чоно ихэдээд, мал руу дайраад байгааг хөндөж хуулинд хүртэл өөрчлөлт оруулна гэсэн. Өөрөөр хэлбэл, Ганьсу мужийнханд амалснаа батлахын тулд хичээсэн ажлын нэг хэсэг нь энэ мэдэгдэл байлаа. Харин энэ Нарансэвстэйн боомтын асуудал явсаар саарал чоно устах үгүйн асуудал болчих чинээ хэн санах билээ.
Судалгаа, шинжлэх ухааны үндэслэл байхгүй асуудалд ханддаг, тооцоо судалгаа байхгүй сэтгэлийн хөөрөл, эрх ашгаар асуудалд ханддаг хэдэн улстөрчдийн хар гай ирээдүй хойч, үр хүүхэд, байгаль дэлхийд маань ямар их хор хөнөөл дагуулахыг хэн ч мэдэхгүй байна. Салбарын яам уг нь үүнийг мэдмээрсэн. Улс төрийн шийдлээр асуудалд ханддаг юм уу, эсвэл судалгаа сэлт юу ч байхгүй болохоор ийм мэргэжлийн бус шийдвэр гаргадаг юм уу. Мал руу халдаж, хохирол учруулж байгаа учраас л гээд байгаа. Малын хөлийн даац хэтэрч, малчид өөрсдөө зэрлэг амьтдын уугуул нутаг руу малаа тууснаас асуудал үүссэн үү, эсвэл зорьж ирээд зооглоод байгаа боохой юу гэдгийг судалгаа л харуулна. Гэвч ямар ч барьж авах судалгаагүйгээр ийм шийдвэр гаргаж байгаа нь үнэхээр харамсалтай.

Саарал чоно устаж, үгүйрвэл энэ зүйл мах идэштний шууд, дам оролцоо, хамааралтай биологийн олон янз байдалд нөлөөлж, байгальд элдэв халдварт өвчин мал болон зэрлэг амьтдын дунд дэгдэнэ. Улмаар эдийн засгийн хохирол, уршиг нэмэгдэж, цаашлаад дам нөлөөгөөр дэлхийн сүүлчийн уудам сонгодог тал хээр устаж, мөхөх аюул ч нүүрлэж, мал аж ахуй, бэлчээрт ч сөргөөр нөлөөлж магадгүйг мэргэжлийн хүмүүс онцолдог.
Биологич, амьтан судлаач хүмүүс энэ шийдвэрийг маш мөчид шийдвэр болсон талаар ярьж бичээд эхэлсэн байна лээ. Гэхдээ эрдэмтэн судлаачдаа сонсдог төрийн түшээд гэж ховор болсон цаг даа. Ойлгож сэхээрэх нь хэд байгаа бол. Тэд ойлгохгүй ч олон нийт мэддэг болсон цаг шүү. Дүнг нь тавиад өгөхөө тэд бас мэддэг.
Нарансэвстэйн боомтыг нээх их шуналын эхний золио саарал чоно бүү байгаасай. Саарал чоноор улбаалсан мазаалай, хавтгай, их баянбүрд, эх говийн сүйрэл үргэлжлэх ёсгүй билээ.