УИХ бол төлөөллийн байгууллага. Түмэн олноо төлөөлж ажиллана гэж сонгогдсон хүмүүс тэнд ажилладаг. Гэхдээ жинхэнэ утгаараа төлөөлж чаддаггүй байсныг өөрчилсөн зүйл бол d-parliament буюу иргэд санал хүсэлтээ уламжилж болдог суваг нээгдсэн явдал юм. Хэдийгээр шат дамжлага, ахмад насныханд төвөг бэрхшээл ихтэй, хүн амтайгаа харьцуулахад өндөр саналын босго тавьж, тэрнийг нь давж байж ажлын хэсэг байгуулагддаг, хуулийн зүйл заалтыг хөндөх эрх үүсдэг гээд бэрхшээл их ч эхний байдлаар саналаа хүргэдэг нэг сувагтай болсон нь сайн хэрэг. Энэ бэрхшээлийг давж олон нийт санал хүсэлтээ хүч нэгтэйгээр хүргэж чадсан нэг асуудал бол Говийн их дархан цаазат газарт Нарансэвстэйн боомт нээх гэж төрийн зарим түшээд оролдож эхэлсэн явдал юм. 2025 оны нэгдүгээр сараас эхлүүлэн нээхээр хуулийн төсөл нь явж байсныг олон нийт эсэргүүцэж, 33 мянган хүний саналыг сар хүрэхгүй хугацаанд цуглуулж чадсанаар, УИХ ажлын хэсэг байгуулахаас өөр аргагүйд хүрсэн билээ. Ажлын хэсэг байгуулах эхний босго нь 33 мянган хүний санал бөгөөд энэ тоонд хүрснээр санал асуулга автоматаар хаагддаг.

Тэгээгүй бол энэ тоо өссөөр 100 мянгад хүрэх нь ч тодорхой байсан юм. Одоо энэ газар боомт нээх гэдгээр биш харин нээх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсныг авахуулах агуулгаар УИХ дээр яригдаж байна. Энэхүү асуудлыг шийдэх ажлын хэсэг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр байгуулагдсан бөгөөд Ж.Бат-Эрдэнэ дарга нь ахалж, Б.Баярбаатар, Э.Болормаа, Б.Батбаатар, Ж.Золжаргал нарын гишүүд ажлын хэсгийн гишүүдээр ажиллаж байна. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 11-нд Нарансэвстэй байгаль хамгаалах хөдөлгөөнөөс өнгөрсөн 4 сарын турш хуримтлагдсан Нарансэвстэйн боомтыг яагаад нээж болохгүйг тодорхой өгүүлсэн салбарын эрдэмтдийн дүгнэлт, энэ талаар санаа зовниж буйгаа илэрхийлж Монгол төрийн өндөрлөгүүдэд илгээсэн гадаад дотоодын байгаль хамгаалах байгууллагуудын захидал агуулсан товьёгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүдэд биечлэн хүргэжээ.

Эдгээр бичиг баримт тус ажлын хэсгээс гарах дүгнэлтийн суурь материал болно гэдэгт хөдөлгөөнийхөн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн хөдөлгөөнийг шүхэрлэн ажиллаж буй Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон дэмжин ажиллаж буй “Хавтгай, мазаалай, их говио хамгаалъя” ГИДЦГ-ын орчны бүсийн иргэдийн ТББ-аас ажлын хэсгийн гишүүдтэй сар шинийн баяраас өмнө уулзах хүсэлт тавьчихаад байгаа аж. Одоогийн байдлаар тус ажлын хэсэг нэг, хоёр удаа хуралдаж, ярилцсан сурагтай.