Европын Холбоо болон Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин Штаб энхийг сахиулах ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангахаар хамтран ажиллаж байна.
/Улаанбаатар, 2024 оны 10 дугаар сарын 18/ Европын Холбоо (ЕХ) болон Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин Штаб (ЗХЖШ) “Жендэрийн тэгш байдлын элч – Монгол Энхийг сахиулагчид” төслийг эхлүүллээ.
Европын Холбооны дэмжлэгтэйгээр 20 Монгол Энхийг сахиулагч Словени улсад жендэрийн мэдрэмжтэй байдлыг энхийг сахиулах ажиллагаанд хангах тусгай сургалтад хамрагдах юм. Энэхүү сургалтаар Монголын энхийг сахиулагчдыг аливаа асуудлыг жендэрийн мэдрэмжтэй байдлаар шийдвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, тэднийг эх орондоо төдийгүй Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд жендэрийн тэгш байдал, хүний эрхийн төлөөх нөлөөллийн үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зорилготой.
Монгол Улсын Засгийн Газар бүх яамд болон бүхий л салбарт жендэрийн тэгш байдлын стратегийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Европын Холбоо нь эдгээр стратегийг тууштай дэмжиж, Монгол Улсын Засгийн Газартай нягт хамтран ажиллаж ирсэн.
Монгол Улсын батлан хамгаалах салбар нь 2020 оноос хойш жендерийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд тууштай хүчин чармайлт гаргаж, энэ хүрээнд ЗХЖШ-ын дэргэдэх жендерийн орон тооны бус дэд зөвлөл байгуулан ажиллаж байна. Мөн энхийг сахиулах үйл ажиллагааны удирдлагын тогтолцоонд “Жендерийн офицер”-ийн орон тоог шинээр нэмж, 150 гаруй цэргийн албан хаагчдыг жендэрийн тэгш байдлыг хангах, энхийг сахиулах ажиллагааны жендэрийн зөвлөх бэлтгэх, энгийн иргэдийг хамгаалах талаар төрөл бүрийн сургалтанд хамруулсныг онцлон сайшааж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга болон улс төрийн яриа хэлэлцээний хүрээнд Монгол болон Европын Холбоо нь 2024 онд энхийг сахиулах болон жендэрийн асуудлаар хамтарсан санаачилгыг хэрэгжүүлэхээр тохиролцож байсан. Энэхүү төсөл нь ЕХ болон Монгол Улсын энх тайван, аюулгүй байдал, олон улсын эрх зүйн хамтын ажиллагааг бэхжүүлж, нийгэм болон батлан хамгаалах салбарын хүрээнд жендэрийн тэгш байдлыг дэмжинэ. Мөн уг төсөл нь Монгол Улс болон Европын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.
Төслийн нээлтийн үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Энхийг сахиулагчид Словени улсад жендэрийн мэдрэмжийг тусгах сургалтад хамрагдана. Энэхүү сургалт нь тэднийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд төдийгүй Монголын нийгэм, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт жендерийн тэгш эрхийн зарчмуудыг хэрэгжүүлж, өндөр түвшний стандартыг баримтлахад нь тусална” хэмээн онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, хэлсэн үгэндээ “Жендерийн тэгш байдал бол зөвхөн нэг салбарын асуудал биш, харин нийгэм бүхэлдээ тогтвортой хөгжин цэцэглэхэд шаардлагатай суурь нөхцөл юм. Иймд энэхүү жендерийн сургалт нь сургалтад хамрагдах цэргийн алба хаагчдын жендерийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхээс гадна, салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ арга барил, туршлагаа солилцох чухал арга хэмжээ болно” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.