Дэлхийн эдийн засгийн форумаас өчигдөр /2024.06.12/ “Жендерийн зөрүүтэй байдлын индекс 2024” тайланг танилцууллаа. Манай улсын тухайд өнгөрсөн жил 146 орноос 80 дугаар байрт жагсаж байсан бол энэ жил 5 байр ухарч 85-т жагсжээ.
Дэлхийн улс орнуудын хүн амын жендерийн зөрүүтэй байдлын судалгааг эдийн засгийн оролцоо, боломж, улс төрийн эрх мэдэл, боловсролын түвшин, эрүүл мэнд, аюулгүй байдал гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтэд тулгуурлан Дэлхийн эдийн засгийн форум 2006 оноос эхлэн танилцуулж байгаа билээ.
Ингэхдээ дээрх дөрвөн үзүүлэлтээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг харьцуулаад үр дүнг нь нэгийн тоотой тэнцүү байвал жендерийн зөрүүгүй, түүнээс доошлох тусам жендерийн зөрүү ихтэй буюу хүйсийн харьцаа тэнцвэргүй гэж үздэг.
дээрх судалгаанд хамруулахдаа найман бүст хуваасан бөгөөд Монгол Улс нэгдсэн дүнгээр Зүүн Ази, Номхон далайн бүсийн 19 орны наймдугаарт орлоо. Манай Улсын өмнө Шинэ Зеланд, Сингапур, Автрали, Вьетнам, Тайланд, Лаос зэрэг улсууд жагсжээ.
2024 оны судалгааны үр дүнгээр манай улс 0.704 оноо авч дэлхийн 146 улсаас 85 дугаар байрт жагссан байна.
2023 онд манай улс 80 дугаарт жагссан бол 2022 онд 70 дугаарт эрэмбэлэгддэг байв. Судалгааны үр дүнг нэгийн тоотой жишиж гаргадаг бөгөөд манай улс 0.705 оноо авчээ. Энэ индекс нэгийн тоотой тэнцүү байвал жендерийн зөрүүгүй, түүнээс доошлох тусам хүйсийн харьцаа тэнцвэргүй гэж үздэг аж.
Тэгвэл манай улс үндсэн дөрвөн үзүүлэлтээс эдийн засгийн оролцоо, боломжоор 0.736 оноо авч 43, улс төрийн эрх мэдлээр 0.104 оноо авч 120 дугаарт жагслаа. Харин боловсролоор бусад 27, эрүүл мэнд, аюулгүй байдлаар бусад 26 улсын хамт нэг оноо бүтэн авч тэргүүлжээ.
Манай улс эрүүл мэнд, аюулгүй байдлын үзүүлэлтээр 2023 онд тэргүүлсэн ч нэг оноо бүтнээр нь аваагүй юм. Харин боловсролоор 67 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ жил 66 байраар урагшилсан байна.
Үндсэндээ, Монгол улс хүйсийн зөрүүтэй байдлын үнэлгээгээр хойшоо жагсаж байгаад эмэгтэйчүүд улс төрийн эрх мэдэл багатай байдаг нь гол нөлөө үзүүлж байгаа аж..