Германы өмнөд нутгаар үргэлжилж байгаа ширүүн бороо үер усны улмаас мөн хэдэн мянган иргэн орон гэрээсээ дайжихад хүрээд байна.
Тус улсад өнгөрсөн долоо хоногт орж эхэлсэн их хэмжээний усархаг борооны улмаас үер болж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байсан Онцгой байдлын аврах багийн албан хаагч амь эрсэджээ.
Амиа алдсан албан хаагч үерийн усанд завиар хүмүүсийг нүүлгэн шилжүүлж явахад завь нь хөмөрсөн аж.
Үерийн ус суурин газруудад нэвтэрч, замуудыг хааж боосон байгаа тул 3000 мянга орчим иргэнийг Германы өмнөд нутгийн нэгэн хотоос нүүлгэн шилжүүлсэн байна.
Үерийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед амь биеэ үл хайрлан иргэдийг нүүлгэн шилжүүлж, гарч чадахгүй гацсан иргэдийг аврахаар ажиллаж байгаа Онцгой байдлын албан хаагчдад гүнээ талархаж байна гэж Германы канцлер Олаф Шольц мэдэгджээ.
Тэрбээр өнөөдөр үерт автсан муж руу очиж, Дотоод хэргийн сайд болон Бавари мужийн захирагчтай хамт нөхцөл байдалтай танилцах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Үерт автсан газарт очсон Эдийн засгийн сайд Роберт Хабек хохирол амссан бүсийн иргэдэд тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Мөн энэ үер усны гамшиг байгаль цаг уур, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Байгалийн гамшиг бидний эргэн тойронд тохиолдсоор ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд ийм гамшиг улам нэмэгдэж, давтамж нь олширч байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж тэрбээр ярьжээ.
Европ тивд 2021 онд их хэмжээний үерийн гамшиг тохиолдож, 200 гаруй хүн амь эрсдэж байсан юм. Герман улс ялангуяа үерийн гамшигт хамгийн их өртөх болжээ.
Түүнчлэн Шри-Ланк улсад борооны улирал эхэлж, үер усны гамшиг нүүрлэсний улмаас 7 хүн амь эрсэджээ.
Өмнөд Азийн энэ улсад үерээс гадна хөрсний гулгаа их үүсэж буй юм байна. Үерийн улмаас зарим газрын эрчим хүч тасарсан байна.
Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдөртөө хаагаад байгаа аж. Шри-Ланкийн маш олон бүсэд үерийн усны хэмжээ 40 см-аас давж байгаа бол 9 дүүрэгт хөрсний гулгаа үүсэхийг анхааруулжээ.
Энэ улсад нийт 25 дүүрэг байдгаас 20-д нь үер усны гамшиг нүүрлээд байна. Европ болоод Өмнөд Азийн зарим нутгаар их хэмжээний усархаг бороо орж, үер болж байгаа ч зарим бүсэд нь эсрэгээрээ ихээр халж, ган гачиг нүүрлэж, хүний амь олноороо эрсдэх тохиолдол ч бүртгэгдэж байна.
Европ хэт халалтаас үүдэлтэй ой хээрийн түймэр дэгдэхээс сэргийлж, гишүүн улсууд нь бэлтгэл хангаж эхэлсэн гэсэн мэдээлэл байна.
Өнгөрсөн жил Европын хэд хэдэн улсад ой, хээрийн түймэр их хэмжээний гамшиг тарьсан. Харин Өмнөд Азийн хамгийн том улс болох Энэтхэгт цельсийн 50 хэм давж халж байгаагийн улмаас ганцхан долоо хоногт л гэхэд 50 орчим хүн наршиж эндсэн гэсэн мэдээллийг олон улсын агентлагууд хүргэж байна.