Домогт бөх Хакухо М. Даваажаргалын өмнөөс нэн харамсмаар. Монгол аваргын хөвүүн Япон оронд очиж, үндэсний нь спортын соёлын гайхамшгийн дайд тэнхлэгийг шинэчлэн жинхэнэ домгийг бүтээсэн сэн. Түүнийг хайрлах хайр дэлхий дүүрэн байлаа. Өнөөдрөөс хугасарч эхэлжээ. Хамгийн харамсмаар нь түүнийг монгол шавь нь хөөдлөө. Хөөдөх хөөдөхдөө үнэмлэхүй хөөдлөө. Хакухог Япон, сумогийгийнхон дэвжээгээ удирдаж чадаагүй, шавиа шавь байлгаагүй, мөн өөрөө бас гэмшихгүй байна хэмээн буруутгаж байгаа бүхнээ баримтаар илэрхийлж байна.
Япончууд угаас ямар ч зүйлд баримтыг л чухалчилдаг. Хакухо одоо дэвжээ ахлах эрхгүй болж, шавь нарыг нь бусад дэвжээнд тараахаар болжээ. Энэ бол сумогийн бүх цаг үеийн хамгийн шилдэг аварга Хакухогийн хувьд үнэхээр гунигтай, гутамшигтай явдал гэхээс өөр тайлбар үл олдоно. Хакуход тохиолдоод байгаа эл явдлаас нэг л зүйл ойлгогдож байгаа юм. Монгол хүн монгол хүндээ яагаад хайргүй юм гэдэг асуулт хариу нэхэж байгаа юм. Шавь нь яагаад өндөр дээд нэр хүндэт багшийгаа хайрласангүй вэ, яагаад түүний нэр төрийг өргөсөнгүй вэ гэдэг эхний гомдолт асуултын хариу хүн бүхнээс нэхэгдэж байна. Нөгөөх нь яагаад Хакуро өөрөө сумог туйлчилсан атлаа шавьдаа ердийн хүмүүжил олгож чадсангүй вэ. Энэ л хамгийн том хариу нэхэж байгаа юм. Үйл явдлыг бүхэлд нь дүгнэхэд Монголоо “алсан” монгол гэдэг л үг бууж байна. Уг нь монгол хүн бүр монгол хүндээ хайртай биш гэхэд нэгнээ ингэж “алж болохгүй” юм.