Өнөөдөр Нийгмийн шударга ёсны дэлхийн өдөр (Social Justice Equality Day).
Энэ өдрийн зорилго нь ядуурал, ялгаварлан гадуурхалт, жендэрийн тэгш бус байдал, ажилгүйдэл, хүний эрх, нийгмийн хамгаалал зэрэг олон салбарын асуудлыг шийдвэрлэхийг уриалан, сануулахад оршино. Шударга ёс байхгүй газар эрх чөлөө үгүй, эрх чөлөө үгүй газар шударга ёс үгүй. Энгийнээр шударга ёс нь нийгмийн харицлаанд оролцогчдыг тэгш байдлаар үнэлэх, ямар ч хэлбэрээр үл ялгаварлан бүгдэд тэгш боломж, тэгш үүрэг, тэгш хариуцлага оногдуулах явдал юм.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 2007 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн A/RES/62/10 дугаартай тусгай тогтоолоор “Нийгмийн шударга ёсыг хамгаалах дэлхийн өдөр”-ийг бий болгосон. Энэ өдрийг 2009 оноос хойш жил бүрийн 2 дугаар сарын 20-нд тэмдэглэхийг улс орнуудад уриалсан байдаг.
Нийгмийн шударга ёсны дөрвөн зарчим нь тэгш эрх, хүртээмжтэй байдал, оролцох эрх, эрх зүйт ёс зэрэг юм. Эдгээр нь хувь хүн бүрд байх ёстой эрх бөгөөд нийгмийн эрүүл саруул ертөнцийг бий болгоход чухал юм.
Нийгмийн харилцаанд оролцохдоо ТА ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхлыг мэдрэхгүй, тэгш үнэлэгдэж, тэгш оролцож чадаж байна уу?. Та өөрийгөө улс төрийн бүх түвшинд оролцохоор шийдвэр гаргасан эмэгтэй хүн гэж төсөөлөөд дээрх асуултад нэг хариулаад үзээрэй. Та Үндсэн хуулиар олгогдсон СОНГОГДОХ эрхээ л эдлэх гэж байгаа хэдий ч үзэгдэх хийгээд үл үзэгдэх олон шалгуурыг давах шаардлага тулгарна. Үүний нэг нь нийгмийн зүгээс ирэх дарамт, буруу хэвшмэл хандлага юм.
Монгол Улсын нийт сонгогчдын 51%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд тэд сонгуульд идэвхтэй оролцдог. Гэвч УИХ дахь тэдний төлөөлөл нь ердөө 17.1% буюу дэлхийн дунджаас 9.4%-иар бага байна.
Уг үзүүлэлтээр 2023 онд Монгол Улс дэлхийн 186 улсаас 134-д бичигдэж Хойд Солонгос, Тажикстан, Саудын Араб зэрэг ардчилсан бус улсуудаас ч доогуур байр эзэлжээ. Үүнээс гадна манай улсын түүхэнд нэг ч эмэгтэй хүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын даргаар ажиллаж байгаагүй нь улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо тун хангалтгүй байгааг баталдаг.
Нийгмийн шударга ёсны үндэс нь бүгд тэгш боломжоор хангагдаж, тэгш эрхтэй байх тухай юм. Ихэнхдээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо бага байгааг дараах шалтгаанаар тайлбарладаг:
- Эмэгтэйчүүд улс төрийн талаар бага мэдлэгтэй, улс төр сонирхдоггүй,
- Эмэгтэй хүн улстөрч байх чадваргүй,
- Эмэгтэй хүн гэрийн ажлаа хийж, хүүхдээ өсгөх ёстой болохоос шийдвэр гаргах түвшинд ажиллах шаардлагагүй,
- Үс нь урт, ухаан нь богино учраас улс төр эмэгтэй хүнд ахадна гэх мэт хэвшмэл ойлголтууд оршсоор байна. Үнэн хэрэгтээ боловсрол, туршлага нь улс төрд оролцох шалгуур болдог бол эмэгтэйчүүд эрчүүдээс дутахааргүй үнэлэгдэх учиртай. Үл үзэгдэх шалгуур байгааг энэ нөхцөл байдал бэлхнээ харуулна.
Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн улс төрийн сонгогдох, өрсөлдөх боломжийг хумьж буй томоохон шалтгаан бол жендэрийн уламжлалт хандлагаас үүдэлтэй эмэгтэй хүнийг ахуйн ажлын хүрээнд төсөөлдөг явдал юм. Олон улсад хийгдсэн санал бодлын тандалт судалгаануудаас хархад жендэрийн уламжлалт хэв хэмжээ улс бүрт харилцан адилгүй байна. Тодруулбал, “World Values Survey”-д оролцсон дэлхийн 79 улсын 127,358 иргэдээс “эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү сайн улс төрийн удирдагч байж чаддаг” гэдэг өгүүлбэртэй хэр санал нийлж байгааг асуухад тэдний ойролцоогоор 36% нь санал нийлж байна эсвэл маш их нийлж байна гэж хариулжээ. Харин Египет улсын судалгаанд оролцогчдын 83%, Пакистан улсын оролцогчдын 78%, Нигери улсын оролцогчдын 76% нь дээрх өгүүлбэртэй санал нийлж байгаа бол эсрэгээрээ Исланд, Шведийн оролцогчдын ердөө 5%, Норвегийн оролцогчдын 8% тус тус санал нийлж байна гэж хариулсан байна. Монгол Улс энэхүү судалгаанд багтаагүй гэхдээ ижил төстэй “Asian Barometer Survey”-д оролцсон Монголчуудын 34% нь “Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй ижил түвшинд улс төрд оролцох хэрэггүй” гэдэг өгүүлбэртэй санал нийлж байна эсвэл маш их нийлж байна гэж хариулсан байна. Энэ нь манай улсад жендэрийн уламжлалт хэв хэмжээ бөх бат оршиж буйг харуулж байгааг харуулж байгаагаас нь гадны нийгэм, эдийн засгийн хөгжил өндөр байх тусам дээрх асуултад сөрөг хариулт өгч байна.
Эмэгтэйчүүд улс төрд сонгогдон ажиллахад эдгээрээс гадна өөр нөлөөлөх олон хүчин зүйлс байж болох хэдий ч хамгийн том барьж, хүлж буй зүйл бол жендэрийн уламжлалт хэвшмэл ойлголт юм. Хүн хүйсээ сонгож төрдөггүй учраас хүнийг хүйсээр ялгаварлах нь хамгийн том ялгаварлан гадуурхалт, шударга бус зүйл юм.
Таньд Дэлхийн Нийгмийн Шударга Ёсны өдрийн мэнд хүргэе.
Зарим нэг Шударга ёсны эшлэл хүргэх нь: