“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 2022 оны ногдол ашгийг хоёрдугаар сарын 1-нээс олгоно” гэх мэдээлэл гарч, иргэдэд хүлээлт үүсээд байна. Ногдол ашгийг цагаан сарын барын өмнө болон дараа хоёр хувааж тараана гэж буй юм. Тэгвэл уг мэдээлэл гарсантай холбогдуулан “Хувьцааны данс нээнэ” гэх залилан ихэсжээ. Тодруулбал, уг залилан “хувьцааны данс нээж өгнө ” гэж төлбөр авах, хувийн мэдээллийг нь ашиглах гэх мэтээр үйлдэгдэж байгаа юм байна. Тиймээс иргэд 1072 хувьцааны данстай эсэх, хэрхэн данс нээлгэх зэрэг мэдээллийг холбогдох байгууллагаас авахыг зөвлөж байна.
2022 оны ногдол ашгаас нэг иргэнд 116,000 төгрөг хуваарилагдана. Үүнийг сар шинийн баяраас өмнө олгох боломжтой.
2023 оны ногдол ашгаас нэг иргэнд 233,000 төгрөг оногдох төлөвтэй. Үүнийг сар шинийн баярын дараа хуваарилах асуудал яригдана хэмээх мэдэгдлийг засгийн газраас хийгээд буй юм.
Хувьцааны ногдол ашгийг үнэт цаасны брокерын байгууллага дээр данстай бол тухайн газраас шууд данс руу нь шилжүүлнэ. Хувьцааны данс болон хэдэн ширхэг хувьцаатайгаа мэдэхийг хүсвэл 158989 дугаарт регистрийн дугаараа илгээж мэдээлэл авах боломжтой.