XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн барилдаан удахгүй болно. Нэр хүнд, цар хүрээгээрээ төрийн их баяр наадмын дараа ордог сар шинийн барилдаанд бөхчүүд бэлтгэл сургуулилалтаа хийж дор бүрнээ ач холбогдол өгч барилдаандаа бэлддэг. Сар шинийн барилдаанаар ирэх наадмаар хэн одтой, өнгөтэй, хүчтэй байх нь эндээс харагддаг. Тэгвэл модон луу жилийн барилдаанд манлайлах тэр бөхийн нэр хэн байх бол?
Өнгөрсөн жилийнх шиг аварга, арслангууд зодоглосон чансаа өндөртэй барилдаан болоосой гэж бөх сонирхогчид хүсч байгаа нь лав. С. Мөнхбат аварга, Ч. Санжаадамба аварга, Ц.Содномдорж арсланг зодоглох болов уу гэж олон хүн чих тавьж анхааралтай ажиглаж байгаа. Мөн бэртлийн улмаас барилдахгүй байгаа Б.Орхонбаяр арслан, Б.Зоригтбаатар харцага, Э.Батмагнай начин, шийтгэлийн улмаас барилдах эрхээ хасуулаад буй Б.Серик заан тэргүүтэй бөхчүүдийг дэвжээнээ эргэн ирнэ гэж найдаж байгаа.
Түрүүлэх магадлалтай бөхчүүдийн чансааг өнгөрсөн жилийн түрүү бөх Б.Бат-Өлзий заан тэргүүлж байна. Хоёр ч удаа түрүүлсэн түүний хувьд гурав дахь удаагаа түрүүлэхийг хүсч байгаа нь лавтай.
Түүний араас саяхан өргөөний 29 дэх түрүүгээ хүртсэн О.Хангай аварга түрүү бөхөөр нэрлэгдэнэ. Отгон аварга он гарснаас хойш болсон хоёр барилдааны нэгд нь түрүүлж, нөгөөд нь үзүүрлэсэн. Бэлтгэл сургуулилалт, барилдаан нь хэдийнэ жигдэрчихсэн аваргыг 30 дахь түрүүгээ ирэх цагаан сараар авна гэж гадуур ярьж байна.
Бэртлийн улмаас сүүлийн үеийн барилдаануудад зодоглоогүй даян аварга Н.Батсуурийг ирэх баярын барилдаанаар эргэн ирэх байх гэсэн хүн олон. Түүний барилдаан, арга туршлагатай маргах хүн үгүй юм. Өнгөрсөн жил тэрбээр анх удаагаа цагаан сарын барилдааны үзүүр, түрүүнд үлдэж, Б.Бат-Өлзий заанд тахим буулгасан. Ер нь түрүүлж үзээгүй цөөн барилдаануудынх нь нэг. Энэ жил дутуугаа дүүргэж, хүлээсэн түрүүгээ хүртэхийг үгүйсгэхгүй.
П.Бүрэнтөгс аваргад түрүүлэх боломж бололцоо, ур чадвар, бяр чадал бий. Б.Пүрэвсайхан зааныг ямар ч үед, аль ч барилдааны таамгаас хасч болохгүй. Манлай заан чансаа өндөр, том барилдаанд ногт ганзагалаж ирдэг. Түүний нутгийн дүү Г.Ганхуяг харцага ч иртэй гэдгээ Ерөнхийлөгчийн цомоор харуулаад амжсан.
Өнгөрсөн жил барилдаан бүрт зодоглож байсан улсын харцага Б.Зоригтбаатар бэртлийн улмаас барилдаагүй удаж байна. Ирэх барилдаанаар зодоглох магадлалтай. Тамирчин хүний хамгийн том аюул бол бэртэл гэмтэл. Б.Орхонбаяр арслан, Э.Батмагнай начин нар бүгд л бэртлийн улмаас зодоглох нь багассан. Түргэн шаламгай, дайчин барилдаантай тэднийг бөхийн өргөө, бөх сонирхогчид үгүйлж байна. Хүч бяр нь тэгширсэн уран мэх авхаалж самбаатай бэлтгэл сайн байгаа бөх энэ жилийн бөхийн түрүүг авах нь тодорхой. Харин тэр бөхийн нэр хэний байх бол?