Японы Токио хотын Шибуяа гудамжны алдарт уулзвараар ачаалал ихтэй өдөр 500 орчим мянган хүн, амралтын өдрүүдэд 260 мянган хүн нэвтэрдэг гэсэн судалгаа байдаг. Яаж гэж асуумаар санагдаж байгаа биз дээ. Монголд гарцаар гарахад хүний тооноос үл хамаарч хоорондоо мөргөлдөж, мөрөлцөж, цаашилбал мөрөллөө гэх маргаан үүсдэг. Богино хугацаанд уулзвараар амжиж гарах гэж яарч явахад өөдөөс чиглэн ирэх хүн мөн ч хурд сааруулдаг даа. Манайхан бүгд л мэднэ. Хэрэв нэг зүгт явбал богино хугацаанд гарцаар гарч амжина. Өөрөөр хэлбэл, баруун гарын дүрэм л дээ.
Баруун гарын дүрмээ баримтлаад сурчихвал олон зүйл амар болно. Урсдаг шатаар явахдаа шатны баруун гар тал руугаа шахаж зогсоход зүүн гар талаар нь яарсан хүмүүс гарах боломжтой болно. Манайд E-Mart ч юм уу, томоохон дэлгүүрүүдэд баруун гар талдаа шахаад өгчихгүй тэгсэн атлаа урагшлаад ч явчихгүй тэхий голд нь тэгнээд зогсчихдог хүмүүс их байдаг. Харин Японд бол заавал зай гаргаж зогсоно, тэрүүгээр нь яарсан хүмүүс гүйсээр өгсч урууддаг.
Хотын гудамжаар явахдаа өргөн уудам нутагтайгаасаа болдог юм уу, бид цуварч явах дургүй улс. Сугадалцаж, хэлхэлдээд л хориглолт хийж байгаа улс мэт явах нь олон. Гэтэл хотын гудамж маань өдөр ирэх тусам нарийсч байгааг та бүхэн харж байна. Тиймээс бусдадаа төвөг удахгүй байх үүднээс баруун гар талаа барин /мөн л нөгөө талд хүмүүс явах боломжийг бий болгоно/ цувраад явж байгаарай. Хоёул, гурвуул гудамж хөндөлсөн явах, ганцаар атлаа мөн хойд талынхаа хүмүүст боломж олголгүй зам хөндөлсөн алхах, олон хүнтэй гудманд явж байгаад гэнэт зогсох зэрэг нь бүдүүлэгт тооцогддог. Учир нь та хөдөө талд ганцаар явж байгаа бус олон хүн ажиллаж, амьдардаг том хотод амьдарч байна шүү дээ. Хаалгаар орж гарахад мөн баруун гарын дүрэм шаардлагатай. Та баруун гар талдаа байрлалаа эзэлснээр хаалгаар гарч байгаа хүмүүст зай тавьж өгнө. Хаалгаар хүмүүс гарсны дараа та орох учиртай. Тиймээс хаалгаар гарч байгаа хүмүүстээ юун түрүүнд зай тавьж өгч байгаарай.
Ер нь дадчихвал олон бэрхшээл асуудлыг шийдчихнэ дээ. Усанд сэлж байгаа баруун гарын дүрмийг жинхэнэ утгаар нь барьдаг. Тэгэхгүй бол өөд өөдөөсөө мөргөлдөж, гэмтэх цаашлаад живэх аюултай байдаг учраас баруун, зүүн талаа маш сайн барьж явдаг. Энэ бүхнээс нь харахад монголчууд бид дүрэм мэддэггүй, мэдэх дургүй улсууд биш. Харин зүгээр л уриалгаа гаргаад, хамтдаа хэрэгжүүлээд сурчих хэрэгтэй байгаа юм.
Үүнийг чин сэтгэлээсээ үлгэрлэн, уриалж, бусдад хотын соёлыг түгээж, нөлөөлж чадсанаар бие хүн бүр алхам алхмаар хөгжихийн үндэс болох юм.
Соёлтой, боловсролтой хүн бусдын мөн чанар, сайн талыг үргэлж олж хардаг бөгөөд энэ нь ч эргээд өөрөө бусдад бүрэн дүүрэн үнэлүүлж, хүндлүүлэх боломжийг олгож байдаг билээ. Хэдийгээр хүн бүр харилцан адилгүй ч хотын соёлыг бүтээх үйлсийн нэг хэсэг нь та юм. Бусдыг ямар байлгахыг хүсч байна, та өөрөө түүнийгээ бусдад үлгэрлэн, үйлдлээрээ уриалж эхлээрэй.