Улаанбаатар хотын цэвэр эрчим хүчний шилжилтийг түргэтгэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой олон талын хэлэлцүүлэг Туушин зочид буудалд зохион байгуулагдлаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хотынхоо өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит ажил болгох зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж.
Монгол Улс цахилгаан эрчим хүчний 90 гаруй хувийг нүүрсэнд тулгуурлан үйлдвэрлэдэг тул агаарын бохирдол, эрчим хүчний хүртээмжийн тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал зэрэг сорилт тулгараад байна.

Улаанбаатар хотын захиргаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, судлаачидтай хамтран нарны болон хосолмол халаалтын систем зэрэг шинэ шийдлүүдийг гэр хорооллын айл өрхөд туршиж байгаа аж.
Хэлэлцүүлэгт төр, санхүүгийн байгууллагууд, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцон нийслэлийн эрчим хүчний сорилт, боломжийн талаар нэгдсэн ойлголт бүрдүүлэх, мөн цэвэр эрчим хүчний шилжилтийг урагшлуулах шинэ санаачилга, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэж байгаа юм.


