ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, Aydu Records-н артист, хуучирч Э.Цэндсүрэн нь ОХУ-ын Москва хотноо болох орчин үеийн хөгжмийн “Московская осень” 45 дахь удаагийн ОУ-ын фестивальд хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Хуучир, симфони найралд зориулсан концерт”-ыг Оросын симфони найралтай гоцлон хөгжимдөхөөр болсон байна. Тэрээр энэ цагийн хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн мэргэжлийн хуучирчдын нэг бөгөөд олон саад бэрхшээлийг өөрийн эр зориг, хүч хөдөлмөрөөр даван туулсан хүчирхэг бүсгүй төдийгүй өөрийн өмөрмөц уран бүтээлээрээ шинэ цагийн залуучуудын дунд танигдаад амжсан залуу уран бүтээлч билээ.

Уг фестивалийн орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлийн хэсэгт Монгол улсын хөгжмийн зохиолчдын гурван ангит том хэлбэрийн бүтээл анхлан эгшиглэж байгаа нь бахархууштай. Тус “ХУУЧИР, СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙН КОНЦЕРТ” өнөөдөр буюу 11 сарын 7-нд Москвагийн хөгжмийн зохиолчдын ордонд тоглогдох гэж байна.


Энэ тоглолтын дараа Э.Цэндсүрэн нь ОХУ-ын Санкт-Петербург хотноо өөрийн соло тоглолтоо толилуулахаар бэлтгэлээ хангаж байна. Түүнд уран бүтээлийн олз, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.


