УИХ-ын чуулганы тухай хуульд өөрчлөлт орсноор намрын чуулган жил бүрийн 9 дүгээр сарын 15-нд эхлэхээр болсноор өнөөдөр нээлтээ хийлээ. Олон жилийн турш УИХ-ын намрын чуулган 10 дугаар сард эхэлдэг байсан бөгөөд ээлжит бус чуулганыг зарлах үед найм, есдүгээр сард хуралддаг байснаас албан ёсны нээлт хэзээ ч есдүгээр сард болдоггүй байлаа. Гишүүд тойргоо эргэж, амралтын байдлаасаа гарахгүй явсаар аравдугаар сард чуулган эхлэх үед төсвийн асуудал тулж асуудал болсоор ирснийг бид мэднэ. Тэгвэл улс төрийн нөхцөл байдал хэдийнэ халчихаад байгаа энэ үед чуулган ийнхүү эхэлж байна.
Энэ намрын чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг таван хэлэлцүүлэг хийж батлах юм. УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн тов гарчээ. Үүнд: Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд төсвийн төслийг оруулж, УИХ-ын Төсвийн болон бусад Байнгын хороо төсвийн төсөлтэй танилцаж, хуралдаанаараа хэлэлцэх, УИХ төсвийн төсөл, холбогдох хуулиудад заасан шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх асуудлаар санал хураалт явуулна. Мөн Сангийн сайд төсвийн төслийн танилцуулгыг Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулна. Төсвийн байнгын хороо тухайн байнгын хорооны гишүүд, бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын дэд хороо, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага, УИХ дахь нам, эвслийн бүлгээс гаргасан санал нэг бүрийг хэлэлцэнэ. Нэгдсэн хуралдаанд санал тус бүрээр санал хураалт явуулах учиртай.
Үүнээс гадна анхаарал татаж байгаа нэг сэдэв бол Байнгын хорооны хуралдаанаар “Алт-3″ аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд Монгол улсын Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийн талаар хэлэлцэнэ. “Алт 3” аяныг хэрэгжүүлэх дээрх тогтоол гарсан нь байгаль орчны салбарт ажилладаг төдийгүй байгаль дэлхийгээ хайрладаг олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалттай газрууд руу халдах гэж байна гэсэн болгоомжлол бий болсон юм. Хэдийгээр Ерөнхий сайд тусгай хамгаалалттай газар нутагт орших байгалийн баялаг, нөөцийг хөндөхгүй гэсэн ч олон нийт итгэхгүй байгаагаа илэрхийлсээр ирсэн. Харин Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлийн хүрээнд хэсэгчилсэн хориг тавьсныг талархан хүлээж авсан бөгөөд нээлтээ хийж ажилдаа орсон 126 гишүүн энэ долоо хоногт энэ хоригийг хүлээн авах эсэхийг шийдэж ажээ. Эдийн засаг хэцүүдлээ хэцүүдлээ гэхэд байгаль орчиндоо халтай асуудлаар “Алт3” хөтөлбөрийг эрчимжүүлэх учиргүй гэж олон нийт үзсээр байгаа юм.


