Маргааш /2025.06.11/ бурхан багшийн их дүйчин өдөр тохиож буй. Энэ өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр бүх нийтээр амрана.
Бурхан багшийн их дүйчин өдөр бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой юм. Бурхан багшийн их дүйчин өдрийг Монголын сүм хийд болон ард түмэн эртнээс тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан боловч 1990 оноос энэ өдрийг энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулга дор өргөн тэмдэглэж иржээ.

Дэлхийн бурхны шашинт улс орон, ард түмэн буяны хотол чуулганыг бүрэлдүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаас ихэнх улс орон бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Бурхны шашинт Азийн улс орнуудад энэ өдөр архи дарс худалдахгүй, зугаа цэнгээний газар ажиллуулахгүй байх зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдөр үйлдсэн буян бум, живаа, сая, дүнчүүр тоонд хүрч хүн бүр бие, хэл, сэтгэл явдал мөрөө ариунаар сахиж, ном буяны цагаан зүгт шамдах нь зүйтэй.


