Төв Америкийн Коста Рика улсын хорих газрын харуулууд хууль бус мансууруулах бодисыг хулгайгаар зөөж байсан муурыг барьжээ. Муурын биенд хоёр уут бэхэлсэн байсан байна. Энэ хоёр уутны нэгэнд нь 236 гр марихуан, нөгөөд нь 68 гр героин хийсэн байжээ.

Лаймон хотод байдаг Покочи хорих газарт энэ явдал болсон уг хэргийн талаар тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлсэн юм. Покочи хорих газрын харуулууд шоронгийн хашааны төмөр тор руу шөнийн цагаар муур авирч байхыг анзаарсан аж. Муурыг барьж шалгахад биед нь сэжиг бүхий зүйл бэхэлсэн байсан нь хууль бус мансууруулах төрлийн бодисууд байжээ.

Албаны хүмүүс Покочи хорих газарт ял эдэлж байгаа хоригдлуудад муурын тусламжтайгаар мансууруулах бодисыг зөөж байсан гэж үзжээ. Мансууруулах бодисыг муурын биеэс салгасан. Хууль зүйн яамны цахим хуудсанд хууль бус зүйлсийг эцсийн хэрэглэгчид нь хүрэхээс өмнө зогсоож чадсан хорих газрын харуулуудад талархал илэрхийлсэн байна. Мансууруулах бодис зөөхийг оролдсон муурыг амьтны эрүүл мэндийг хамгаалах газарт шилжүүллээ.