Ирэх зургадугаар сарын 1-нээс үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон машинд хотын дугаар олгохгүй байхаар шийдвэрлэлээ.
Гэхдээ 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийг Монгол Улсад импортлохыг хориглоогүй. Үүнээс гадна ирэх сарын 1-нээс импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл нь ашиглагдаж байгаа орноос экспортлогдохын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх ёстой гэсэн шалгуур хэрэгжиж эхлэнэ. Тодруулбал, импортлох гэж байгаа тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын бүрэн байдалд хамрагдсан дүгнэлттэй байх гэсэн шаардлага тавигдах юм.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны 18 дугаар тогтоолоор хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосонтой холбогдуулан Улаанбаатар хотын серийн дугаар олголтыг Авто тээврийн үндэсний төв 2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас түр хугацаагаар зогсоосон.
Автотээврийн тухай хуулийн 17.1.7-д Энэ хуулийн 17.5-д заасан хязгаарт багтаан олгох автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг нийслэлийн Засаг дарга батална гэж заасны дагуу шалгуур үзүүлэлтийн дагуу дугаар олголтын үйл ажиллагааг “Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-аас эрхлэн явуулахаар болсон. Тодруулбал, тээврийн хэрэгслийн хотын дугаар авах хүсэлтэй иргэд цахимаар бүртгүүлж, шалгуурын дагуу оноогоор эрэмбэлэгдэж буй.
Хүрд, насжилт, хөдөлгүүр гэхчлэн шалгуурыг харгалзаж 100 хүртэлх оноогоор дүгнэгдэх бөгөөд нэг иргэн цахим бүртгэлээр нэг л удаа хүсэлт гаргах боломжтой. Нийслэлд байгаа автомашины тал нь насжилт өндөр байгаа аж. Иргэдийн амьдралд автомашины эрэлт буурахгүй, цаашид ч өсөх төлөвтэй. Учир нь хүн амын өсөлт, насны бүтэц, орон сууцны барилгажилт зэрэг нь автомашины нягтаршлыг улам өдөөхөөр байна. Энэ бүхэн нь автомашины импортын бодлогыг улам боловсронгуй болгох хэрэгтэйг харуулж байна. Тиймээс нийслэлд олон жил тулгамдаад байгаа түгжрэлийг шийдэхийн тулд зайлшгүй арга хэмжээ авч татвар, улсын дугаарын хязгаарлалтыг хийж эхлээд байгаа.






