Австралийн зүүн эргийн Күйнслэнд болон Шинэ Өмнөд Уэльс мужуудын нутаг дэвсгэрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Алфред хар салхи дайран өнгөрчээ. Хар салхины үеэр нэг хүн нас барж, иргэдийг аврах туслах ажлыг хийж гүйцэтгэхээр явж байсан цэргүүд осолдож 12 цэрэг бэртэл аван эмнэлэгт хүргэгджээ. Ойролцоогоор далайн эргийн 400 км үргэлжилсэн нутаг дэвсгэрт үерийн аюул нүүрлээд байна. Нас барсан нэг хүн машинтайгаа үерийн усанд урсжээ.
Үерийн улмаас Күйнслэнд, Шинэ Өмнөд Уэльс мужуудад эрчим хүч дамжуулах шугам гэмтсэнээс нийт 330,000 барилга байшингийн цахилгаан тасарсан байна. Күйнслэнд мужид 295,000, Шинэ Өмнөд Уэльс мужид 42,600 байшин барилгын эрчим хүчний эх үүсвэр доголджээ. Эдгээр хэрэглэгчдийг эргээд эрчим хүчний эх үүсвэртэй холбоход хэд хоногийн хугацаа шаардагдана. Күйнслэнд мужийн түүхэнд урьд өмнө ийм олон айл өрх, барилга байгууламжийн цахилгаан тасарсан тохиолдол гарч байгаагүй аж.
Ням гаргийн орой хоёр мужид хэдэн арван удаа иргэдийг аврах ажиллагааг зохион байгуулсан байна. Шинэ Өмнөд Уэльс мужид 24 цагийн дотор 30 гаруй удаа иргэдийг үерийн аюулаас аврах ажлыг аврагчид гүйцэтгэжээ. Мөн тусламж хүссэн 6,000 гаруй дуудлага иржээ. Түүнчлэн Брисбэн зэрэг зарим эргийн бүсэд хөрс нурсан байна. Үерт өртсөн гэр бүлүүд, ард иргэдэд туслах дэмжих ажилд Засгийн газар анхаарлаа хандуулж байгааг танилцуулжээ.