Аль ч улс оронд Төв банкны Ерөнхийлөгчийн үг маш үнэ цэнтэй. Эдийн засаг, валютын ханш, төсөв төлөвлөгөө хаашаа явахыг чиглүүлж байдаг. Тэгвэл шинэ оны босгон дээр Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгснөөс энэ 2025 оны төлөв байдлыг дүгнэн хэлсэн нь анхаарал татаж байна. Тэрбээр ярилцлагадаа “Төлбөрийн тэнцлээс аваад үзвэл, 2023 оны төлбөрийн тэнцэл маш ашигтай гарсан, 2024 оны төлбөрийн тэнцэл ерөнхийдөө 2023 оных шиг ашигтай гарч чадахгүй ч алдагдалтай гарахгүй. Бидний өнөөдрийн тооцоо бол 150 сая орчим ам.долларын ашигтай гарахаар байна. Төлбөрийн тэнцэл ашигтай байна гэхээр манай гадаад валютын ханш дээр ямар нэгэн дарамтгүй байна гэсэн үг. Дарамтгүй байна гэдэг нь ханш тогтвортой байх сайн нөлөөтэй, валютын нөөц энэ хэмжээгээр өсөж байгаа. 2025 он гараад юу болох вэ гэсэн асуудал бий. Тэгэхээр гадаад худалдааны эргэлт энэ онд түүхэн дээд хэмжээнд хүрч байна. Илүү тодорхой хэлбэл, 25 тэрбум ам.доллар руу гараад явж байна. Түүний 14 тэрбум ам.доллар нь манай экспорт, 11 тэрбум ам.доллар нь импорт байгаа юм. Өнөөдөр энэ хоёрын харьцааг харвал экспорт 6 хувийн өсөлттэй байна, импорт 26 хувиар өссөн байна. Тэгэхээр бидний хувьд импортоор маш их хэмжээний бараа, бүтээгдэхүүн авч байна, түүн дотроо хэрэглээ маш өндөр байна.
Автомашин, хүнс, согтууруулах ундаа, тамхи зэрэг нь том дүнгээр нэмэгдээд явж байгаа. Согтууруулах ундаа, тамхины импорт 1 тэрбум ам.долларт хүрсэн. Өмнө нь энэ төрлийн импорт тэрбумаар яригдаж байгаагүй. Автомашины импорт л гэхэд 120 мянгад хүрсэн байна. Жилийн дундаж нь өмнөх жилүүдэд 50-60 мянгад л хүрдэг байсан нь хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Энэ бүгд гадаад худалдаанд дарамт үзүүлж байгаа. Гадаад худалдаан дээр байгаа дарамтыг экспорт илүү байгаа учраас нөхөөд явж байгаа. Гэтэл ирэх онд экспорт энэ хэмжээндээ өсөж чадах уу, энэ хэмжээгээ хадгалж чадах уу гэдэг асуудал байна. Төсөв дээр нүүрсний экспортыг 84 сая тонн гэж төсөөлж байсан бол түүндээ хүрч байна. Энэ оны эхэнд тонн нүүрсний үнэ 100-120 ам.доллар хооронд байсан бол одоо 70-80 ам.доллар руу орчихсон явж байна. 2025 онд үнэ буцаад өснө гэж төсөөлөх нь өөрөө өрөөсгөл болно. Өнөөдрийн 70-80 гэсэн түвшиндээ байх уу гэдэг нэг асуудал нь гарч ирж байна. Хоёр дахь түүхий эд бол зэс байгаа. Оюу толгой дараагийн найдвар болж гарч ирэх ёстой. Эрдэнэт, Оюу толгой ерөнхийдөө 3 тэрбум орчим ам.долларын экспортын орлого оруулдаг.
Ирэх онд нэгдүгээрт, зэсийн бодит хэмжээ өснө, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт яваад экспортын хэмжээ нэмэгдэж байгаа учраас зэс дээр орлого нэмэгдэх байх. Зэсээс олох орлого өөрөө нүүрсний бууралтыг нөхөх болов уу гэсэн төсөөллүүдийг хийж байгаа. Яг амьдрал дээр юу болохыг одоогоор сайн хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр Монгол Улс аль болох түүхий эдээсээ биш, илүү солонгорсон маягаар бусад бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ хөгжүүлж байж, экспортын орлогоо нэмэгдүүлэх ёстой” хэмээн ярьсан байна.