Улс төрийн хураангуй…..
Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж үгтэй. Сонгуулиар ард түмэн төр барих эрх олгон УИХ-ыг байгуулдаг. Энэ үүднээсээ өнөөдрийн манай ард түмэн ухаангүй “ноён”. УИХ-ын гишүүд, засаг төрийнхөн урагшгүй албат болж гүйцжээ. Төсвийн хуулийг хууль болсонгүй ээ, нийт ард түмний, улс орны эрх ашгийг зөрчлөө гээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан. Одоо УИХ бүтэн гурван хэлэлцүүлэг дамжуулан дахин хэлэлцүүлэх нь. Гэтэл хэлэлцүүлэг хийх ёстой манай алдарт УИХ-ын гишүүд дэлхийгээр нэг таржээ. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Араб явж одов. Хуульч Б.Гүнбилэг одоо төсвийн асуудал гагцхүү УИХ-ын, Д.Амарбаясгалангийн парламентын асуудал гэж хэлэв. Тэр мөн Засгийн газар анхнаасаа хүн чанаргүй, хүнээ бодоогүй, тодорхойгүй, үр ашиггүй төсөв оруулж ирсэн гэж хэлсэн. Чухам үнэн л дээ. Өдөртөө угаартаж хэд хэдээрээ үхэж байна, Улаанбаатарынхан. Ийм атал Л.Оюун-Эрдэнэ ингэж хэлүүлсэндээ сүүл хавчин зугатах мэт Арабад одов. Анх төсөв хэлэлцэхэд Л.Оюун-Эрдэнэ мөн л гадаадад, эзгүй байсан. Одоо дахин хэлэлцэхэд мөн эзгүй байх аж. Түүний энэ үлгэрлэлийг дагах мэт Японд Г. Дамдинням, Ч.Ундрам, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, М.Сарнай, Г.Хосбаяр нар рашаалж явна. Цахимд тавигдсан тэдний зураг маш ажил хэрэгч бус, халадтай, рашаалсан хөлсөн дусалтай, гарцаагүй хэнд ч таалагдахааргүй байна.
Казахстанд Бөхчулууны Пүрэвдорж сүрэг гишүүн дагуулж явна. Тэд уран, цөмийн энергийн асуудлаар яваа бололтой. Бас ч гэж ажил хэрэгч дүр төрхтэй явах шиг. Чилийн Сантьягод мөн нилээд олон гишүүн хуралд явж. Х.Баасанжаргал нарын долоо найман хүн. УИХ-ын Тамгын газраас дөрвөн гишүүн тутмын нэг гадаад томилолттой байгааг зарласан байна лээ. Спикер Д.Амарбаясгалан арга тасарсандаа юм уу, ам нь л тэгээд хэлчихсэн юм уу, УИХ-ын чуулгандаа тогтмол суудаг гишүүдийг урамшуулна гээд нийтээс багагүй донго амсаж байна. Амсуулахаас ч аргагүй. Ажлаа хийх ёстойн төлөө урамшуулна гэдэг юу гэсэн үг вэ гэж нийгэм халаглаж байна. Компанийн засаглалын үүднээс бол бүтээмжгүй, суудал бөглөгчийг ажилд ирээгүй хүнээс “бүтээмжтэй” мэтээр үзэн, урамшуулах бодлого гаргасан Д.Амарбаясгаланг хэрэв компанийн гүйцэтгэх захирал аваас Төлөөлөн удирдах зөвлөл үтэр өчиггүй халсан байх ёстой гэж бичицгээж байна. Энэ үнэн. Бодит зарчим. Д. Амарбаясгалан компанийн захирал байсан бол өчиггүй халагдчихсан байна. Төр улсын хэрэг ийм байх ёсгүй дээ.
Төр, төрийн эрх барих дээд байгууллага ийм усан, сувсан, үлбэгэр сул байгааг яалтай билээ. Төсвөө одоо болтол батлаагүй манантаж сууна, ирэх сард зарим төрийн албан хаагч цалин хөлсөө авч чадахгүй байж мэдэх эрсдэлд орчихсныг бичицгээж сануулж байгааг бүгд л харж байгаа. Анхнаасаа л төсөв батлахдаа дагуулсан тогтоол гаргаж, төсөв тусгүй болсноо баталсан гэж хоёронтоо спикер хийсэн, өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын дарга Г.Занданшатарын хэлээд байгаа түмэн үнэн. Үндсэн хууль, хууль дээдлэх зарчмыг хангаагүй, зөрчсөн гэж барим тавим хэлээд байгаа. Төсвийг цаг хугацаанд нь зөв батлаагүйн төлөө Л. Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан, Д.Амарбаясгалан, УИХ хариуцлага хүлээх ёстой. Ц.Даваасүрэнг Төсвийн байнгын хорооноос боорлож буулгасанаа хангалттай гэж үзэх юм бол хэтэрхий мунхаглацгааж байгаа хэрэг бус уу. Д.Амарбаясгалангийн өмнө өчнөөн төчнөөн асуудал овоороостой. Төсөв байна. “Админериал”-ын асуудал байна. Хамгийн гол нь ийм арчаагүйгээр Засаг төрийг удирдаж байж Улс төрийн намуудын тухай хуулийн биежлийг, хэрэгжилтийг арагшлуулж 2027 он болгоно гээд зүтгэцгээгээд сууж байна. Үүгээрээ авлига, хээл хахуулийг үгдрээхээ зөвшөөрч, хариуцлагын бүх зарчмыг арагш шидээд, гадаадаар зугаалж, төсөв ухраагаад, ингээд сууцгааж байгаагаа төр удирдсан гэх гэцгээж байгаа юм байх даа. Чаддаг л юм нь ухах, эх орноо тонох. УИХ-ын дэд дарга Б. Пүрэвдорж Нарансэвстэйн боомтыг нээх бүх бичиг баримт Д. Амарбаясгаланд байгаа гэж хэлсэн байна билээ. Өмнөх ажлаа яая гэж байгаа Д.Амарбаясгалан Нарансэвстэйн боомтыг нээж, дэлхийн экологид заналхийлэх хэрэг байна уу. Ядаж эхлээд Гашуунсухайт-Ганц модоо холбо л доо. Ханги, Бичигт, Шивээхүрэн гээд өчнөөн боомт хүлээж байна даг, холбоотохооч ээ гээд. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй гэдэг. Яг одоо бол төрийн түмэн мэлмий анигдаад, төрсөн биесийн хоёр нүд хэдэн түмээрээ төрөө харан гасалж байна. Ухаангүй ноён байж, урагшгүй албатаар төрөө дүүргэсний лай энэ.
Z MAN