Спикер Д. Амарбаясгалангийн Тамгын газар өчигдөр шинэ бүтцээ зарлав. Нийгмийн уур амьсгал бол шууд л шүүмжлээд эхэлж байна лээ. Ямар их данхар юм гээд. Газар, хэлтэс, алба гээд арван хэдэн нэгжтэй юм байна. Тамгын дарга Б.Баасандорж нь гурван орлогчтой болон тэлж. УИХ-ын Тамгын газрын шинэ бүтцийг үзвээс Засгийн газрын л бүтэцтэй зиндаархсанаар харагдах. Бүтцийн өнгөнөөс харахад Тамгын дарга нь Ерөнхий сайдтай, тэргүүн дэд дарга Ч. Ариунхур гэдэг эмэгтэй Тэргүүн шадар сайд Л.Гантөмөртэй, хяналт шалгалт хариуцсан дэд дарга Ү.Амарбат Шадар сайд Т. Доржхандтай, хэвлэл мэдээлэл хариуцсан дэд дарга Э. Лхагва Шадар сайд С.Амарсайхантай дүйцсэн, эрэмбэлхэн тэнцсэн мэт харагдахаар бүтэц зурагдан баталгаажиж, үүнийг нь УИХ-ын дарга Д. Амарбаясгалан соёрхсон бололтой.
Тамгын газрын газар, хэлтэс, албадын тоо ч бараг л Засгийн газрын гишүүдийн тооны хэмжээнд дөхөж очжээ. 126 гишүүнтэй болсон парламентэд “орц” хэрэгтэй л байгаа байх. Гэхдээ ингэж Засгийн бүтцийнхээ хэмжээнд өргөтгөн тохинуулах их алба байсан уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. Монголын олон нийт хамтарсан Засгийн газрыг ихээхэн шүүмжлэлтэй харж, үйл ажиллагааны нь гараанд итгэл тиймхэн л байгаа. Даргын тоо олширч, зарлагын дэнс л өндөр болоод байгаагаас , өөрөөр өнөөдөртөө харагдах сайн үр дүнгүй байгаа нь үнэн. Энэ өнцгөөс нь үзэхэд, наяад оны гэгдсэн удирдагчид болох Л. Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар төрийг илүү том данхар, илүү том албан тушаалтнуудаар сүглийлгэж байгааг татвар төлөгч ард түмэн ямагт анхааралтай харж, үйл ажиллагааны шинэ дэвшил хүсэж, илүү өргөн шаардлага тавих нь ямар ч маргаангүй билээ. Д. Амарбаясгалан төрийн өмчит компаниудыг цөөлөхийг сануулаад байгаа ч, өөрийн харъяаны бүтэц, орон зайгаа эсрэгээр нь илүү томруулан дэглэж байгаа байдлыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын зиндаархал, мөчөөрхөл хэмээн харах хэсэг олон байна. УИХ-ын Тамгын газар зургаа долоон хэлтэс алба, Тамгын дарга, нэг нарийн бичгийн даргатай л үйл ажиллагаагаа хэвийн явуулж, Байнгын ажиллагаатай парламентын түүхэнд ажиллаад л ирсэн юм даа.
Z man