Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан, Монгол Улсын иргэн Э-г Бүгд Найрамдах Киргиз Улсад явахад нь баривчилжээ. ЦЕГ Киргиз, Казахстан улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран ажилласны үр дүнд түүнийг 5 дугаар сарын 26-нд баривчилсан байна.
Уг этгээд нь 2021 онд бага насны хүүхдийг хүчиндээд, гадаад улсад оргон зайлжээ. Тэр хууль хяналтын байгууллагын хяналтаас зугтаан, Төв Азийн улсуудад хууль бусаар амьдарч байсан аж. Хамгийн сүүлд Киргиз улсад байхад нь царай таних камерын систем буюу технологийн тусламжтайгаар илрүүлж, баривчлаад, цагдан хорьж байна.
Киргиз улсад удаа дараа залилах гэмт хэрэг үйлдэж, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан, Киргиз улсын иргэн Б Монголд орж ирсэн байна. Түүнийг манай улсын цагдаагийн байгууллага Зорчигчийн мэдээллийн урьдчилсан системээр илрүүлжээ. 5 дугаар 28-ны өдөр Монгол Улсаас Казахстан улс руу гарах гэж байхад нь түүнийг баривчилж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.
Дашрамд дурдахад, энэ онд цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар болон “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улсад оргон зайлсан нийт 11 гэмт этгээдийг Монгол Улсад албадан авчирлаа. Эдгээр ажиллагааг ХЗДХЯ, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар болон Киргиз, Казахстан, Турк, Серби, Швед зэрэг улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран явуулжээ.