Нийслэлийн агаарын бохирдлын хор хэмжээтэй зэрэгцүүлж, хөрсний бохирдлын асуудлыг давхар хөндөх цаг болсон. Гэвч гарт баригдаж, нүдэнд харагдахгүй байдлаар нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсээр буй уг асуудал өнөөг хүртэл орхигдсон хэвээр байгаа юм.
Утаа нүдэнд харагдаж, хамарт үнэртдэг болохоор агаарын бохирдлыг бууруулахад хэдэн тэрбум төгрөг төсөвлөдөг.
Нийслэлийн хэмжээнд микробиологийн органик бохирдол нийт суурьшлын бүсийн хэмжээгээр 88 хувийн бохирдолтой байгаа юм. Товчхондоо төвийн зургаан дүүрэгт эрүүл хөрстэй талбай байхгүй гэсэн үг. Улаанбаатар хотын хөрсөн дэх органик бохирдол нь иргэдийн 218,000 айл өрхийн (хотын хүн амын 59%), 310 гаруй мянган нүхэн жорлон эдгээр нүхэн жорлонгийн 80 гаруй хувь доторлогдоогүй буюу битүүмжлэгдээгүй, зүй зохистой баригдаагүй байна. Энэ хөрсний бохирдлын хамгийн их бохирдол илрэх дундаж гүн нь 2,8 метр байдаг, мөн 140,000 гаруй угаадсны нүх, гэр хорооллын дунд бий болсон хур хог хаягдлаас үүдэлтэй байна.
Судалгаагаар нийт авсан дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрч, худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд хөрсөн дэх органик бохирдол 52,6 хувь, шивтрийн бохирдол 88,4 хувь, сульфатын бохирдол 72 хувь байна.
Хөрсний металийн буюу химийн бохирдлын хувьд авто засварын газрууд орчимд нефть, шатах тослох материалын бохирдол, арьс ширний үйлдвэрийн орчим зэрэг хөрсөнд харьцангуй алаг цоог байдлаар тархсан хар тугалга, хром, цайрын бохирдолт ажиглагдаж байна. Хар тугалгын бохирдлын хэмжээг авч үзвэл да-хүрээ авто машины захын хойд тал, наран туул захын хойд хаалга, гандангийн зүүн урд талын гэр хороолол, төв замын ойролцоо, бичил хорооллын ар талын гэр хороолол, авто засварын газрын хажуу, чингэлтэй дүүргийн 7-р хороо, 13-р хорооны гэр хорооллоос авсан дээжинд стандарт заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1,02-1,5 дахин их, харин хүнцлийн дундаж агууламж нийт дээжинд 2,5 дахин их байна.
Жишээ татахад, нэг автомашины хуучин тосыг солиход 3-5 литр муу тос гардаг ба засварын газрууд муу тосоо хурааж байгаад гуу, жалга руу урсгадаг. Үүнийг байгальд хор хөнөөлгүй байдлаар устгах зохицуулалт манай улсад байдаггүй байна. Ингэснээр тухайн газрын хөрс хэдэн зуун жилийн турш дахин сэргэхгүйгээр бохирдож байна гэсэн үг.
Хаврын улиралд, цаг агаар дулаармагц хөлдүү байсан химийн нэгдлүүд гэсэж, агаарт дэгдэж эхэлдэг. Бага насны хүүхдүүд газрын хөрстэй ойр учир өвчлөх эрсдэл өндөртэй. Хавар бага насны хүүхдүүд гэдэсний суулга өвчинд олноор өртөөд байгаа нь хөрсний бохирдолтой шууд холбоотой болохыг мэргэжилтнүүд онцолдог юм.
Нийслэлийн хөрсний бохирдлын асуудлыг шийдэх чиглэлд жилд 120-150 сая төгрөг төсөвлөдөг. Тус төсвөөр жилд нэг удаа томоохон арьс, ширний үйлдвэрт очиж, бодис цацан ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд л болчихдог байна. Мөн Нийслэлийн засаг даргын тамгын газарт хөрсний асуудлыг хариуцсан нэг мэргэжилтэн ажилдаг байна.
Улаанбаатар хот орчны гол, уулын горхины урсцын чиглэл нь Туул голын голдирлыг зүглэсэн байдаг бөгөөд тэр нь голдирол дагасан хэдэн зуун мянган айлын муу ус, ялгадсыг хаман Туул голд аваачдаг. Баянхошуу, Толгойт, хотын хойд зүгийн Яргайт, Хандгайт, Салхит, Шадавлин, Шарга морьтын амны хөрсний бохирдол бусдаас онцгой өндөр байна . Мөн өрхийн стандарт бус жорлон, муу усны нүх нь хөрсөнд 1-8 орчим метрт ухагддаг тул өнгөн усаар дамжин гүний усанд шууд нөлөөлөн хөрснөөс цэвэр усаа татан хэрэглэдэг айл, өрхийн ундны ус бохирдох магадлал маш өндөр болсныг баримтууд нотлоод байна.
Дээрх баримтаас Улаанбаатар хотын хөрсний асуудал ямар хэмжээнд хүртэл доройтсоныг ажиглаж болохоор байна. Хөрсний бохирдол нь агаарын бохирдолтой адил хүний эрүүл мэндэд нэн хортой, чимээгүй тахал юм. Манай улсад хөрсний бохирдлын асуудлыг хариуцсан хороо байгуулах мөн холбогдох стандарт, журам баталж ажиллах, шаардлагатай байна.