Шүгэл үлээгч Ч.Ханддулам хүний эрхийн хамгаалалтыг зөвхөн хууль батлах, хэрэгжүүлэхээр хязгаарлах бус, бодит үр дүнг нь тогтмол үнэлж, илэрсэн асуудлыг засаж сайжруулах шаардлагатайг онцолж байна. Түүний гэр бүлийн шүүхийн шинэчлэлийн талаарх байр суурь, нийтлэлийг хүргэж байна. Ч.Ханддулам Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшиж байгаа юм.
Гэр бүлийн шүүхийн хуулийн хэрэгжилтийг үнэлж, тасралтгүй сайжруулах тогтолцоо шаардлагатай.
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдаж, хэрэгжиж эхлэх нь хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох чухал алхам юм. Гэвч аливаа хуулийн амжилт нь түүнийг баталснаар бус, харин бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж, хүний эрхийг ямар хэмжээнд хамгаалж байгаагаар хэмжигдэх учиртай.
Тиймээс гэр бүлийн шүүхийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд зөвхөн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах, шүүхийн зохион байгуулалт, хүний нөөц, дэд бүтцийг бүрдүүлэхээс гадна хуулийн хэрэгжилтийг тогтмол үнэлж, илэрсэн асуудлыг засаж сайжруулах тогтолцоог анхнаас нь төлөвлөх шаардлагатай.
Хуулийн хэрэгжилтийг юугаар хэмжих вэ?
Гэр бүлийн маргаан нь зөвхөн хоёр талын хооронд үүссэн эрх зүйн маргаан биш. Түүний үр дагавар хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэл зүй, аюулгүй байдал, цаашдын амьдралд шууд нөлөөлдөг онцлогтой. Иймээс гэр бүлийн хэргийг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэрийн тоо, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа зэрэг уламжлалт статистик үзүүлэлтээр хязгаарлан үнэлэх нь хангалтгүй юм.
Харин дараах асуудлыг бодитойгоор үнэлэх хэрэгтэй.
Нэгдүгээрт, хүүхдийн дээд ашиг сонирхол бодитоор хангагдаж байгаа эсэх. Шүүхийн шийдвэр гаргахдаа хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог, хүсэл зориг, аюулгүй байдал, хөгжлийн хэрэгцээг харгалзаж байгаа эсэх, хүүхдийн дуу хоолойг сонсох орчин, аргачлал бүрдсэн эсэхийг үнэлэх шаардлагатай.
Хоёрдугаарт, хүчирхийлэлд өртсөн иргэнийг дахин хохироохоос хамгаалж байгаа эсэх. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөлтэй маргаанд хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй нэг орчинд байлгах, албадан уулзуулах, эвлэрүүлэх зэргээр сэтгэл зүйн болон бие махбодын эрсдэлд оруулахгүй байх хамгаалалтын механизм бодитоор хэрэгжиж байгаа эсэхийг анхаарах ёстой.
Гуравдугаарт, шүүхийн орчин хүний эрхэд нийцсэн эсэх. Хүүхдэд ээлтэй хүлээлгийн өрөө, тусгайлсан ярилцлагын орчин, хувийн нууц, мэдээллийн хамгаалалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмж, шаардлагатай тохиолдолд тусгаарласан оролцооны нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг үнэлэх хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, шүүхийн үйлчилгээний хүртээмж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар хангагдаж байгаа эсэх. Алслагдсан орон нутагт амьдардаг, эдийн засгийн болон нийгмийн хувьд эмзэг нөхцөлтэй иргэд шүүхэд хандах, эрхээ хамгаалуулах тэгш боломжтой байгаа эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үндэслэлгүй удааширч байгаа эсэхийг судлах шаардлагатай.
Тавдугаарт, шүүхийн шийдвэр бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэх. Хүүхдийн асрамж, тэтгэлэг, эцэг эхтэйгээ уулзах харилцаа, бусад эрхийн асуудлаар гарсан шийдвэрүүд бодитоор хэрэгжиж байгаа эсэх, хэрэгжилтэд ямар хүндрэл гарч байгааг үнэлэх нь чухал.
Үнэлгээ хийдэг төдийгүй илэрсэн асуудлыг засдаг тогтолцоо хэрэгтэй
Хуулийн хэрэгжилтийн үнэлгээ нь зөвхөн тайлан гаргах, статистик мэдээлэл нэгтгэх ажил байж болохгүй. Харин үнэлгээгээр илэрсэн асуудлыг шийдвэрлэх бодит механизмтай байх ёстой.
Тухайлбал, хууль хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой хугацааны давтамжтайгаар хэрэгжилтийн явц, үр нөлөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шүүхийн статистик мэдээлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практик, иргэдийн санал хүсэлт, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, судалгаанд тулгуурлан асуудлыг тодорхойлох шаардлагатай.
Үнэлгээнд зөвхөн шүүхийн байгууллагын төлөөлөл бус, хүүхэд хамгаалал, жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллага, мэргэжлийн холбоод, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах нь зүйтэй. Ингэснээр шүүхийн байгууллага өөрийн үйл ажиллагааг дүгнэхээс гадна үйлчилгээ авч буй иргэдийн бодит туршлага, эрхийн хамгаалалтын үр дүнг хөндлөнгөөс үнэлэх боломж бүрдэнэ.
Харин үнэлгээгээр хууль хэрэглээний зөрүү, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүндрэл, хүүхдийн эрхийн хамгаалалтын дутагдал, шүүхийн орчны хүртээмжгүй байдал, хүний нөөцийн чадавхын асуудал илэрвэл холбогдох хууль тогтоомж, журам, аргачлалыг шинэчлэх, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэшүүлэх сургалтыг сайжруулах, шаардлагатай төсөв, дэд бүтцийг шийдвэрлэх арга хэмжээ авах ёстой.
Өөрөөр хэлбэл, үнэлгээ хийх, асуудлыг илрүүлэх, шалтгааныг тогтоох, засаж сайжруулах, үр дүнг дахин үнэлэх гэсэн тасралтгүй үйл явцыг бий болгох шаардлагатай.
Шинэчлэлийн бодит үр дүн хүний эрхээр хэмжигдэх ёстой
Гэр бүлийн шүүхийн шинэчлэлийн амжилтыг хэдэн шүүх байгуулсан, хэдэн шүүгч ажиллуулсан, хэдэн хэрэг шийдвэрлэсэн гэдгээр дангаар нь хэмжих боломжгүй. Харин хүүхэд шүүхийн ажиллагааны явцад дахин сэтгэл зүйн дарамтад өртөөгүй эсэх, хүчирхийлэлд өртсөн хүн аюулгүй орчинд эрхээ хамгаалуулж чадсан эсэх, гэр бүлийн гишүүдэд шүүхийн үйлчилгээ тэгш хүртээмжтэй байсан эсэх, гарсан шийдвэр бодитоор хэрэгжсэн эсэхээр хэмжих учиртай.
Түүнчлэн гэр бүлийн маргааныг шийдвэрлэсний дараа хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн, шүүхийн шийдвэрийн үр дагавар ямар байгааг судалж, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь чухал.
Хуулийг хэрэгжүүлэх нь нэг удаагийн ажил биш. Хүний эрхийн хамгаалалтыг бодитой, үр дүнтэй болгохын тулд хуулийн хэрэгжилтийг тогтмол үнэлж, алдаа дутагдлыг засаж, шинэ нөхцөл байдалд нийцүүлэн хөгжүүлж байх шаардлагатай.
Эцсийн дүндээ гэр бүлийн шүүхийн шинэчлэл нь зөвхөн шинэ хууль, шинэ бүтэц бий болгох тухай асуудал биш. Харин шүүхэд хандсан хүүхэд, гэр бүлийн гишүүн бүр эрхээ хамгаалуулж, аюулгүй, нэр төртэй, тэгш орчинд шударга шүүхээр шүүлгэх боломжийг бодитоор бүрдүүлэх тухай асуудал юм.

