нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Иргэдийн дуу хоолойЦаг үе, үйл явдал

ЦОНХОО ХААСАН ТЭР ӨДӨР НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АНХНЫ ДОХИОГ АВСАН НЬ ТЭР БАЙЖЭЭ

  • By Nomio Nomin
  • 2025-05-13

Өнгөрсөн зуны нэг орой орцны хаалган дээр тод гэгчийн анхааруулга байв. “Дулааны
магистраль шугамыг буулгаж газарт далд оруулах ажлын явцад хуучин шугамын
дулаалгын материал болох асбестын тоосонцор агаарт дэгдэнэ. Нүдэнд харагдахгүй маш
нарийн ширхэглэгт тоосонцор нь хүний уушгинд сөргөөр нөлөөлөх аюултай тул хуучин
шугам хоолойг буулгах явцад цонхоо хааж, маскаа зүүхийг анхааруулсан байлаа”. Энэ зарыг орцны хаалга, самбар, байрны зарын групп гээд бүх сувгаар хэд хоногийн турш түгээж байв. Тухайн үед мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй, цэгцтэй сайн хүргэж байна даа гэж бодогдоод өнгөрсөн ч ингэж зохион байгуулахын тулд ямар их ажил өрнөснийг хоёр жилийн дараа сурвалжилна гэж төсөөлсөнгүй. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн туршлага, мэдээлэл солилцох уулзалтад оролцож байхад дээрх үйл явдал санаанд орж, тухайн үед хэрэгжүүлсэн арга хэмжээ нь Байгаль орчин, нийгмийн стандартыг (БОНС) бодитоор хэрэгжүүлсний үр дүн байсныг ойлгосон юм.

2020 оноос Эрчим хүчний яамны захиалгаар Дэлхийн банкны 41 сая ам.долларын
хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төсөл” хэрэгжиж эхэлжээ. Энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг нь 1960 оноос хойш ашиглаж байгаа хуучин магистраль шугамуудыг өргөтгөн, шинэчлэх барилга угсралтын ажил юм.
Тэдгээр ажлын нэг нь миний амьдарч байсан газрын ойролцоо, Нарны гүүрний баруун талын магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх ажил байв. Төслийн үр дүнгийн хүртэгчдийн нэг нь би. Магистраль шугамыг газарт буулгаж сувагт оруулсан тэр талбайд одоо машины зогсоол байгуулж, явган хүний зам гаргасан. Үр дүнд нь өглөө бүр цэвэрхэн, цэгцтэй замаар ажил руугаа алхах үнэхээр тухтай байдаг.

Асбестын тоосонцорын аюулын тухай зарлалын ард өрнөсөн нөр их ажил
Өдөр тутмын амьдралд минь мэдрэгдэх жижигхэн ч гэсэн сайхан мэдрэмжийг үлдээж чадсан төслийн цаана нүдэнд харагдахгүй нөр их ажил өрнөснийг би уулзалтын үеэр сонсож суулаа. Ажлын талбай дээр газар шорооны ажил эхлэхээс ч өмнө магистралиудыг шинэчлэх явцад оршин суугч, аж ахуйн нэгж болон ажиллагсдад ямар эерэг, сөрөг нөлөө үзүүлэхийг урьдчилан тодорхойлох нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийж, нөлөөллийг бууруулах төлөвлөгөө боловсруулж, мэдээллээ бизнес аж ахуйн нэгж, иргэдэд түгээжээ. Эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх асбестон тоосонцорын аюулаас хэрхэн сэргийлэх мэдээг хүртээмжтэй түгээж чадсанаар хүмүүс зааврын дагуу эрүүл мэндээ хамгаалах алхамыг хэрэгжүүлсний нэг нь би юм.

Түүнчлэн нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийсний дүнд аюултай хог хаягдал болох асбестыг хуучин магистраль шугамаас нь хэрхэн салгах, баглах, тээвэрлэх, ландфилл бий болгож хаях удирдамж, аргачлалыг төслийн үйл ажиллагаатай уялдуулан
боловсруулж ажилласан гэдгийг төслийн байгаль орчин, нийгмийн ажилтан Б.Азжаргал хэлж байлаа. Хэдийгээр асбест нь Монгол Улсын Хог хаягдлын тухай хуульд аюултай
хог хаягдлын жагсаалтад орсон ч аюултай хог хаягдлыг хүлээн авч ландфиллдэх талбай
байхгүй, тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй компани, тээврийн хэрэгсэл байхгүй, тухайн
ажлыг гүйцэтгэж байгаа компанийн ажилчдын мэдлэг, хандлага муу байсан зэргээс үүдэлтэй шинээр арга зүйн зөвлөмж удирдамжийг боловсруулахаас эхлээд нөр их ажил өрнөжээ.

Дэлхийн Банкны Байгаль орчин, нийгмийн 10 стандарт нь бөглөөд орхидог цаас биш иргэдэд, нийгэмд бодитой эерэг үр дүн авчирдаг болохыг өөрт тохиолдсон энэ үйл явдлаас ойлгож эргэцүүлж суулаа.
Нийгмийн нөлөөллийн үнэлгээ Монголд: Анхны алхмууд
Гадны орнуудаас ажигласан нэг зүйл санаанд минь буув. Австрали, Япон, Солонгост ч
ялгаагүй барилга угсралт, дэд бүтцийн ажил хийгдэж байхад эргэн тойрны зам талбай
хэмхрээгүй, орчны бохирдол багатай, иргэддээ хүндрэлгүй байсан. Яагаад гэвэл тэнд аль
хэдийн нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийдэг систем тогтжээ. Харин манайд энэ ойлголт
саяхнаас л танигдаж эхэлж байна. 2023 онд Засгийн газраас Байгаль орчны нөлөөллийн
үнэлгээний журмыг шинэчилж, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх тухай тусгасан. Тэгвэл энэ онд ахиад нэг алхам урагшилж, БОУАӨЯ-аас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийхийг тусгажээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна. Хуулийн төслийг Хэнтий, Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад танилцуулах хэлэлцүүлэгт оролцох боломж надад олдсон юм. Хоёр өдөр болсон хэлэлцүүлгийн үеэр БОУАӨЯ-ны газрын дарга Г.Энхмөнхтэй ярилцаж суухад “Хуулийн төсөл батлагдсанаар манай үнэлгээний зарчим, ангилал нь олон улсад тавигддаг
шаардлагад нийцэж, эрх зүйн талаасаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, цаашдаа гадны санхүүжилттэй төсөлд дотоодын болон санхүүжүүлэгч байгууллагын давхардсан үнэлгээ хийхгүй, хөгжлийн төслүүд хурдтай явах, хөрөнгө оруулалт ч татах боломж бүрдэнэ” гэж байсан юм.

Сүхбаатарт болсон хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, хуульч П.Бүнчинжав “Хуульд хийсэн концепцын томоохон өөрчлөлт бол хуучин байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ нь зөвхөн байгаль орчны асуудлыг л авч хэлэлцдэг байсан бол энэ хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн орчин бүрдэх юм” гэж байлаа. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд төсөл хэрэгжүүлэгч, мэргэжлийн үнэлгээний байгууллагатай хамтраад төслийн нөлөөллийн бүсийг тогтоож, нөлөөллийн бүсийн иргэдийн 70 хувийн саналыг авах талаар тусгасан. Ажлын хэсгийн гишүүн, хуульч М.Энхмэнд “олон нийтийн мэдэх эрхийг хангаад, төслийн эерэг, сөрөг нөлөөллийн талаар олон нийтэд эхнээс нь сайн ойлгуулж, саналыг нь аваад явахад нийгмийн нөлөөллийн үнэлгээ гол суурь нь болж байгаа” гэлээ.

Хоёр өдрийн хэлэлцүүлэгт орон нутгийн байгаль орчны газрынхан, ус цаг уур, байгаль орчны байцаагч, тусгай хамгаалалттай газрын ажилтнууд гээд ногоон салбарын албан хаагчид голцуу цугласан байв. Тэгвэл нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь ажиллагсдын ажиллах орчин нөхцөл, нөөцийг хэрхэн үр ашигтай ашиглах, бохирдлоос сэргийлэх, нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, газар чөлөөлөх, биологийн олон янз байдал, соёлын өвийг хамгаалах, талуудын оролцоог хангах, тэдэнд ил тод мэдээлэх гээд олон талт асуудлыг үнэлнэ. Цаад утгаараа хүний үндсэн эрхийг хамгаалахад чиглэсэн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд нийгмийн нөлөөллийн үнэлгээг хэрхэн хийх, энэ нь хариуцаж байгаа ажил үүрэгтэй хэрхэн уялдах талаар оролцогчдоос нэмэлт тодруулах асуулт төдийлөн гарсангүй. Харин cалбарын яамны газрын дарга Г.Энхмөнхөд ус цаг уурын салбарт ажиллагсдын 5 жилийн нэмэгдлийг шийдэж өгдөггүй зэрэг ажлын нөхцөлтэй холбоотой саналуудыг тавьсаар хэлэлцүүлэг өндөрлөсөн юм.

Эндээс харвал нийгмийн нөлөөллийн үнэлгээг хуульд тусгасан нь эрх зүйн орчны суурийг бэлдэж өгсөн ч үүнээс цааш төрийн байгууллагын албан хаагчид, төсөл хэрэгжүүлэх компаниуд, үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагууд, түүнчлэн үнэлгээний тайланд саналаа тусгах олон нийтэд ч нөлөөллийн үнэлгээний ач холбогдлыг ойлгож таниулах хэрэгцээ шаардлага байгааг харуулж байгаа юм.

Миний хувьд асбесын тоосонцорын аюулын тухай мэдээлэл авч, цонхоо хааж эрүүл мэндээ хамгаалсан тэр өдөр нийгмийн нөлөөллийн үнэлгээ амьдралд минь нөлөөлсөн анхны жижигхэн дохио байж. Цонхны цаадах орчин өөрчлөгдсөн нь зүгээр нэг инженерийн шийдэл биш, харин иргэдээ хүндэлсэн, оролцуулсан, мэдээлэл өгсөн, хариуцлагатай хөгжлийн эхлэлийн маш жижиг алхам байж. Хүний эрүүл мэнд, эрхийг хүндэтгэсэн энэ жижиг үйлдэл илүү өргөжиж, илүү олон хүнд хүрэх, нийгмийг хамрах шаардлага байгааг харуулсан том туршлага надад үлдлээ.

Post Views: 415

About Author / Nomio Nomin

Previous post
Талийгаач Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар нь одоогоос нэг жилийн өмнө Эвэрстийн оргилд Монголоос анх удаа хүчилтөрөгч, хөтөчгүй авирч байжээ
Next post
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ, ХҮМҮҮНЛЭГ ӨМНӨГОВЬЧУУД АЯНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Хятадын машин үйлдвэрлэгч BYD компани борлуулалтаараа Tesla-г давлаа

2025-03-25
Цаг үе, үйл явдал

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Ховд аймагт тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс засал хийлээ 

2024-09-05
Цаг үе, үйл явдал

Өглөө бүр долларын өртэй сэрээд байхаар бухимдахгүй хэн байх вэ?

2025-10-15
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search